Намын мөрийн хөтөлбөр

  • Нүүр
  • Намын мөрийн хөтөлбөр

Намын мөрийн хөтөлбөр

PDF татах
  • Үнэт зүйл, Намын Бодлого

    Зүй Ёс Нам нь төв үзлийг баримталсан улс төрийн нам байна. 

     

    Үнэт Зүйл

     

    Бид зүй ёсыг бүрдүүлэгч Эрх чөлөө-Тэгш боломж, Эрх зүйт төр-Шударга ёс, Эрдэм боловсрол-Эв нэгдлийг эрхэмлэн дээдэлнэ. 

     

    Эрхэм Зорилго

     

    Нийгмийн ардчилал, нийгмийн эрх чөлөөг бататган, зүй ёсыг дэлгэрүүлэх замаар улс орноо цогцлуулан  хөгжүүлэх нь Бидний эрхэм зорилго мөн.

     

    Намын Зарчим

     

    Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашгийг дээдлэн, хууль ёс, ёс суртахууны хэм хэмжээг сахиж, мэдлэг чадварт тулгуурлах нь “Зүй Ёс” Намын үйл ажиллагааны үндсэн зарчим байна. Хуульд заасан, болон дагаж мөрдвөл зохих дараах үйл ажиллагааны зарчмыг баримтална. Үүнд: 

     

    1. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн биелүүлэх

    2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахих

    3. Үндэсний нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих

    4. Монгол Улсаас гадаад улстай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх

    5. Үзэл баримтлал, үнэт зүйл, мөрийн хөтөлбөртөө тулгуурласан бодлого хэрэгжүүлэх

    6. Ардчилсан, ил тод, нээлттэй байх

    7. Төрийн албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцох, улс төрийн нөлөө үзүүлэхгүй байх

    8. Бусад намын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах.

     

    Намын Бодлого

     

    Монгол Улсын хөгжлийн төлөө Монгол иргэн бүрийн нөөц бололцоо, эв нэгдэл, итгэл сэтгэл, зүтгэлийг нэгтгэж, шударга төр, шударга орчин, шударга боломж, шударга хуваарилалтыг хүн бүр, нийгмийн эд эс бүрд тэгш хүргэнэ. 

     

    Ардчилал, зах зээлийн шилжилтийн жилүүдэд улс төр, нийгэм, эдийн засагт үүсэн буй болсон ардчиллын гажуудлыг засч залруулан, Хууль ёсыг сахиж амьдардаг иргэн хүн бүр сэтгэл амар, итгэл дүүрэн, нэр төртэй, сайн сайхан амьдардаг, иргэн бүр бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, зүй ёс, шударга ёс ноёлсон нийгэм байгуулна.

     

    Хөдөлмөрлөсөн нь сайхан амьдардаг, хичээсэн нь амжилт гаргадаг, боломж чадвараар дутуугаа гээдэггүй, шударга нийгмийг цогцлон байгуулна. Улсын үндэс, эзэд нь болох иргэн, гэр бүл, ахмад үе, хүүхэд балчраа хайрлан дээдэлнэ. 

     

    Иргэн бүрд жигд боломж, нөхцөлийг олгосон баялгийн шударга хуваарилалтыг хэрэгжүүлж, авилгаас ангид бие даасан, хэсэг бүлэг этгээдийн шунал, хүсэлд захирагдаагүй сахилга баттай шударга чөлөөт зах зээлийн эдийн засгийг тогтооно.

     

    Чадварлаг цомхон засгийн газартай байж, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодуудын оролцоо, хяналт тавих эрх, эрх чөлөөг нэмэгдүүлнэ. 

     

    Дэлхийн улсуудтай шударга, тэгш зарчмаар харилцана. Монголын давуу талыг Дэлхийд гаргаж, Дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулна. Монголын тусгаар байдлыг эрхэмлэн дээдэлж, бүс нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулна. 

     

    “Зүй Ёс” Нам нь иргэд нь эрдэм боловсрол, ёс суртахуунтай, үндэсний бахархал, эв нэгдэлтэй байж, Монгол хүний хөгжлийн төлөөх хойч ирээдүйн хүлээлт, ирэдийн итгэл найдварт бүрэн гүйцэд хариулах уламжлалыг хадгалсан шинэ хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ. 

     

    Үндэсний өв соёл, түүх, нүүдэлчдийн ахуй, байгаль зүйн өвөрмөц онцлог хэв шинжийг хадгалан хайрлахын зэрэгцээ дэлхийн дэвшилтэт сайн туршлагаас бүтээлчээр суралцаж, дэлхий дахинд улс орноо эерэгээр сурталчлан таниулах зэрэг зөөлөн хүчний цогц бодлогоор Итгэл найдвар, Эв нэгдлийг сэргээн хамгаална.  

     

    “Зүй Ёс” Нам нь нийгэм, эдийн засгийн дараах бодлогуудыг авч хэрэгжүүлнэ.

  • НЭГ. Эрх зүйт төр, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө

    Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улс төрчид, ялангуяа залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болон төлөвшүүлэхэд анхаарч, төрийн бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, ардчиллын үнэт зүйлүүдийг ард түмний хүртээл болгож шинэтгэлийг гүнзгийрүүлнэ.

     

    Хүний эрхийн баталгааг хангаж, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв хийж,  Үндсэн Хуулиар  заасан төрийн эрх мэдлийн гурван хуваарилалтыг боловсронгуй болгож, нэг нь нөгөөгийнхөө эрх мэдэлд хутгалдан орох байдлыг засч, иргэнийг төрөөс дээр, намыг төрөөс дор тавих замаар парламентын засаглалыг бэхжүүлнэ.

     

    Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар заасан хүний эрх, эрх чөлөөг Монгол Улсад бодитоор хангах, хүний эрх, эрх чөлөө хамгийн ихээр зөрчигдөж буй хууль зүйн салбарт шинэчлэл хийх, хуулийг мөрдүүлэх, хуулийн гүйцэтгэлийг хангахад анхаарал хандуулж, шүүх, хууль сахиулах байгууллагуудын засаглалын оновчтой хэлбэр, тогтолцоог нэвтрүүлнэ. Монгол хүний амьдралын наад захын эрэлт хэрэгцээг бүрэн хангуулах, амьдралын чанарыг сайжруулах талаар боломжит бүхий л арга хэмжээг авна.

     

    Ардчилал, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, хууль ёс, сахилга батыг дээдлэн, эрх зүйн орчин оновчтой, шударга байхад анхаарч,  шударга ёсыг сахиулна.

     

    Шүүх, прокурор, цагдаа зэрэг хууль хүчний байгууллагуудыг улс төрөөс хараат бус, ёс зүйн дүрэмтэй, хариуцлагатай, стандарттай байж, иргэдэд шударгаар үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

     

    Манай намын гол зорилтын нэг бол иргэн хүн улс нийгмээ болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, хууль ёс, шударга ёс бүрэн ноёлсон нийгэм байгуулахад оршино. Хуулийн дагуу амьдардаг л бол иргэн хүн сэтгэл амар, итгэл дүүрэн, нэр төртэй, сайн сайхан амьдрах ёстой. Хулгайлж завшсан нэг нь зохих шийтгэлээ хүлээдэг, айлгаж зовоосон нэг нь хуулиар тусгаарлагддаг, олныг хохироосон нэг нь хариуцлагаа үүрдэг, хуулийг зөрчдөггүй, биелүүлдэг байхад хуулийн механизм, тогтолцоо бүхэлдээ чиглэгдэх ёстой. 

     

    Нийгмийн харилцаа, төрийн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт шинэ соёлыг нэвтрүүлэхэд анхаарч, Япон, Финлянд, Швед, Сингапур, Швейцар, Дани зэрэг орны шударга ёсны туршлага, жишгээс суралцаж, өөрийн орны өвөрмөц онцлог, өв соёл, уламжлал, ёс суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн нэвтрүүлнэ. 

     

    Иргэдэд "хараат бус", олон нийтэд ил тод, ойлгомжтой шударга ёсны үйлчилгээг хүргэх үүднээс “Шүүх засаглалын Шинэ бодлого” дэвшүүлнэ. Гаднаас сохроор хуулбарласан, амьдралд хэрэгжих явцдаа согогтой, зэрэмдэг болох нь нэгэнт батлагдсан хуулиудаас салж, шүүх эрх мэдлийн салбарт шинэчлэлт хийж, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлнэ.

     

    Хууль эрх зүйн хэрэгжилт муу, шүүхийн шийдвэр хэрэгжихгүй удааширч байгаа байдлыг залруулж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэний хөдөлгөөн, иргэдийн оролцооны зохистой хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. 

     

    Хууль эрх зүйн туслалцаа авах боломжийг иргэн бүрд тэгш олгож, орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэх замаар гадаадад байгаа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангана. 

     

     

    Мэдээллийн технологийг ашиглаж гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх, сонгуулийн болон бусад Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлэх боломжоор хангана. 

     

    Төрийн зарим эрх үүргийг  төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн салбарт шилжүүлэх, бодлогын түвшин дэх оролцоог нэмэгдүүлнэ.

     

  • ХОЁР. Тэгш боломж, Шударга өрсөлдөөн

    Бид хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ил тод, хариуцлагатай байлгана. Төрийн албыг улс төрөөс ангид, мэдлэг, чадварт суурилсан  шударга, ёс зүйтэй хүний нөөцөөр бэхжүүлж, иргэдийн хяналтыг нэмэгдүүлж, хүнд суртал, авилгатай тууштай тэмцэнэ.

     

    Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, блокчэйн, хиймэл оюун зэрэг мэдээллийн шинэ технологийг үр ашигтай ашиглан шуурхай, ил тод болгоно. Төрийн үйл ажиллагааны шийдвэр эрх зүйн хэм хэмжээ, актад суурилсан байхад анхаарч, бодлогын судалгааны хүрээлэн, эрдэмтэн мэргэдийн зөвлөл, хиймэл оюуныг түлхүү ашиглана.

     

    Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжилд суурилсан эдийн засгийг бий болгож, байгаль орчноо дээдэлж, улс орныхоо давуу тал, иргэдийн оюун ухаан, ур чадвар, инновацид түшиглэсэн дэлхийд өрсөлдөх чадвартай дэвшилтэт технологи бүхий үндэсний аж үйлдвэр, үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү дэмжин хөгжүүлнэ.

     

    Төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна. 

     

    Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийг тэлнэ. Бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл, зээлийн батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлснээр жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжиж, импортыг орлуулах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний бренд бий болгох ажлыг бүхий л талаар дэмжинэ.

     

    Засгийн газрын худалдан авалт, тендерийн шударга хэрэгжилтийг хангана. 

     

    Банк санхүү, төлбөрийн тооцоонд шинэчлэл хийж шударга, нээлттэй болгоно. Төгрөгийн ханшийг тогтвортой, зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана. 

     

    Бизнесийн салбарт бизнес эрхлэх шударга, тогтвортой орчинг бүрдүүлнэ. Компаниудын засаглал, ёс зүйг сайжруулах, зөвлөх үйлчилгээг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

     

  • ГУРАВ. Эрдэм Боловсрол, Эв нэгдэл

    Хүүхэд залуучуудыг шударга ёсыг эрхэмлэдэг, өөртөө итгэлтэй, бие дааж шийдвэр гаргадаг, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай, авьяаслаг иргэн болгон өсгөн хүмүүжүүлэх нь манай намын тэргүүлэх зорилт байна. 

     

    Монгол, англи хэлийг Монгол Улсын албан ёсны хос хэл болгох зорилт тавьж үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

     

    Иргэн бүр бага балчраасаа эхлэн бие биенээ хүндэтгэх, эрх үүргээ ухамсарлах, харилцаа, мэтгэлцээний өндөр соёлтой, түүх соёлоо мэддэг, үндэсний бахархалтай, эх оронч өв тэгш хүн болж хүмүүжихэд анхаарч, боловсрол, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулна. 

     

    Хүндлэх, хүндлүүлэх, харилцан итгэлцэх, бусдад эерэг хандлагатай, эрүүл саруул нийгмийн хүрээлэл дунд ажиллаж, амьдрах оюун санааны хэрэгцээг нийгмийн бүх шатанд анхааралдаа авч, судалж, хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгоно.

     

    Багш нарын орлогыг нэмэгдүүлэх, ажиллах орчинг сайжруулах, нийгэм дахь байр суурийг өргөж, орон зай, өрхийн орлогоос хамаарсан боловсролын чанарын зөрүүг багасгаж, оюутны тэтгэмжийг хүртээмжтэй, үр өгөөжтэй болгоно.

     

    Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд бие даан аливаа зүйлийг хийх, мэдрэх (харах, сонсох, хүрэх, үнэрлэх), оролцох замаар юмс үзэгдлийг танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх, сэтгэн бодох, багаар ажиллах зэрэг чадваруудыг эзэмшсэн зөв хүмүүжилтэй хүүхэд болоход анхаарна. 

     

    Бага ангийн хүүхдүүдэд таамаглах, таамаглалаа нотлох, няцаах, бусдын тайлбартай харьцуулах зэрэг дадал суулгаж, дүгнэлт гаргах, суралцах суурь арга барил эзэмшүүлнэ. Сургуулийн өмнөх болон бага боловсролд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог чухалчилж, тэдэнд чиглэсэн сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

     

    Дунд болон ахлах ангийн хүүхдийн авьяасыг бүрэн нээж, сонгосон мэргэжлийг дэлхийн түвшинд эзэмшүүлж, шударга,  ёс зүйтэй, хөдөлмөрч, авьяаслаг, өв тэгш иргэн болгон хүмүүжүүлнэ. 

     

    Тусгай мэргэжил, дээд боловсролын байгууллагуудыг мэргэжлийн онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн тусгай  мэргэжил, дээд боловсролын зохистой харьцааг хангуулна. 

     

    Бакалаврын түвшинд олон талын мэдлэг, асуудал шийдэх, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлдэнэ. 

     

    Магистр, докторын түвшинд улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэх чадвар бүхий манлайлагч, дэлхийн түвшинд ажиллах судалгаа шинжилгээ хийх чадвартай эрдэмтэн, бодлого тодорхойлогч, шинэ бизнес бүтээгчдийг бэлдэнэ.

     

    Дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын чадавхийг дээшлүүлж, нийгэм эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий тулгамдсан асуудлыг шийдэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил  боловсрол шинжлэх ухааны байгууллага хоорондын гурван талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, гарааны компаниудыг дэмжиж ажиллана.

     

    Боловсрол, хүмүүжлийн ажлын нэгэн гол бүрэлдэхүүн болгож, эх хэл, дуу хөгжим, биеийн тамир, түүх, нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрт монгол ардын аман зохиол, түүх соёл, шашин шүтлэг, дуу хөгжим, бүжиг, тоглоом наадам, бөх, нум сур зэрэг үндэсний биеийн тамир спорт, мал маллалгаа зэрэг амьдрах ухааны хичээлүүд оруулж, үндэсний өнгө аяс бүхий сургалт хүмүүжлийн ажилд онцгой анхаарснаар монгол хүн гэсэн үндэсний бахархалыг бий болгож, эв нэгдлийн үндэс суурийг бөх бат тавина. 

     

    Гадаадад амьдарч буй монголчуудын хоорондын холбоог бэхжүүлж, тэдний үр хүүхдэд монгол хэл, соёл, түүх, уламжлалыг зааж сургах ажлыг дэмжих бодлого явуулна.  

     

    Жалга довны үзэл, намаар болон нутаг ус, үндэстэн ястнаар талцах, бие биенийгээ ялгаварлан гадуурхах зэргийн үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа үзэгдлийн шалтгаан нөхцөлийг судалж, тэдгээрийг арилгах арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ.  

     

  • ДӨРӨВ. Шударга хөдөлмөр, Шударга хуваарилалт

    Ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хөлс, өрхийн орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх бодлого баримтална. Дотоодын нөөц бололцоогоор хийх боломжтой ажлын байрыг хамгаалж, өөрийн орны иргэдийг ажиллуулах, эрэлт хэрэгцээ өндөртэй болон ирээдүйд шинээр бий болох ажлын байруудад боловсон хүчнийг сургах, бэлтгэх бодлого баримтална.

     

    Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, улс орныхоо ирээдүйн төлөө хамтдаа үүрэг хариуцлага үүрэх нөхцөл бололцоог бүрдүүлнэ. 

     

    Монгол залуусын хөгжингүй орнуудад сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх замаар мэдлэг ур чадвараа дээшлүүлэх явдлыг хөхүүлэн дэмжихийн хамт эх орондоо эргэн ирж ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн хамт элэг бүтэн, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. 

     

    Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн тоог нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх, мэдлэг, ур чадварын сургалтын цогц тогтолцоог бүрдүүлнэ.

     

  • ТАВ. Эрүүл мэндийн үйлчилгээ

    “Зүй Ёс” Нам нь эрүүл мэндийн үйлчилгээ, тогтолцоог нийгмийн өмнө тулгамдаж буй тэргүүлэх чиглэлийн бодлогын чухал хэсэг гэж үзэн онцгойлон анхаарна. Үүнд: 

     

    Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын “Шинэ” тогтолцоог бий болгоно. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалтыг салбарын бодлого,  хүн  амын  эрүүл  мэндийн  эрэлт, хэрэгцээтэй уялдсан хүний

    нөөцийн төлөвлөлттэй нийцүүлэн эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран шийдвэрлэдэг болгоно. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтны төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулж, сургалтын түшиц эмнэлгийн сүлжээг байгуулах, сургалтын үйл ажиллагааны мэргэжлийн нийгэмлэг, холбоодод суралцагчийн оролцоог нэмэгдүүлнэ. Нэн шаардлагатай мэргэшлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, орон нутгийг эмнэлгийн мэргэжилтнээр хангах чиглэлээр хүний нөөцийг төлөвлөх, сургах, урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

     

    Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Хувь, улсын эмнэлгийн зөрүүг багасгаж, арилгах замаар улсын эмнэлгийг улс төрөөс хамааралгүй болгоно. 

     

    Эрүүл мэндийн даатгалыг иргэдэд ил тод, шууд хүрэх,  нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх ажлыг дунд сургууль, жирэмсэн эхүүдээр дамжуулах, эмч, сувилагч нарыг илүү цагийн ажлын урамшуулал олгох, цалин орлогыг нэмэгдүүлэх “Шинэ” системийг бий болгоно. 

     

  • ЗУРГАА. Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлого

    “Зүй Ёс” Нам нь төрийн анхдагч үүрэг болох Монгол Улсын Тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдал, Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарна. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үндэс нь иргэдийн эх оронч үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах чин эрмэлзэл, идэвхтэй үйл ажиллагаа байна.

     

    Монгол Улсын иргэн бүр үндэсний үнэт зүйлээрээ бахархах, хайрлан хамгаалж, тээн хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, нийгмийн соён гэгээрүүлэх, иргэдэд аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэг олгох, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжоор хангана. 

     

    Үндэсний аюулгүй байдлыг хангах засаглалын тогтолцооны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хүний аюулгүй байдлыг төрийн аюулгүй байдлын хойно оруулсан алдаа, гажуудлыг залруулах үзэл баримтлал, хууль зүйн шийдлийг гаргана. 

     

    Газрын тос, хүнс, өргөн хэрэглээний барааны импортын хэт хамааралтай, түүхий эдийн экспорт голлосон, байгалийн баялаг, нөөцөд тавих хяналт алдагдсан, үндэсний үйлдвэрлэл, хөдөлмөрийн нөөц доройтсон, үнийн өсөлтөд өртөмтгий, газар зүйн хувьд түгжигдмэл зэрэг хэт өрөөсгөл, эмзэг  бүтэц бүхий Монгол Улсын эдийн засаг нь аюулгүй байдалд тулгамдсан гол асуудал болохыг онцгой анхаарна.

    Эдийн засгийн аюулгүй байдалд аюул учруулж буй гадаад, дотоод сөрөг хүчин зүйлүүдийг саармагжуулах, тэдгээрийн эсрэг дархлаа суулгах арга хэмжээг авч, өөрийгөө тэнцвэржүүлэх (self sustainability) чадвартай, эмзэг бус, бие даасан эдийн засагтай болгох бодлогын цогц арга хэмжээ авч, зөв зохистой тогтолцоог бүрдүүлнэ.

     

    Гадаадын хөрөнгө оруулалт, глобалжилт, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, шинэ техник технологийн Монгол Улсад учруулах аюул, сөрөг нөлөөг судалж, түүний эсрэг бодлого хэрэгжүүлнэ.

     

    Гадаад бодлого нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үндсэн арга гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг сахин хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндэсний язгуур эрх ашгийг хүндэтгэх бүхий л Гадаад улстай найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. 

     

     “Эдийн засагжсан гадаад бодлого”-ыг бүс нутаг, дэлхийн хамтын ажиллагааны голлох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд бэхжүүлнэ. Мөн Үндэсний язгуур эрх ашгийг улс төр, эдийн засаг, дипломатын олон тулгуурт идэвхтэй бодлогын хүрээнд хангаж ажиллах төрийн байгууллагуудын тогтолцоог бэхжүүлэх, хөрш орнуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулахын зэрэгцээ “Гуравдагч хөршийн бодлого”-ын ач холбогдлыг онцгойлон анхаарна.  

     

    Энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, бататган бэхжүүлэх, цаг агаарын дулаарал, цөлжилт, хүнсний хомстол, ядуурал зэрэг хүн төрөлхтний глобал хөгжлийн асуудлуудыг өргөн хүрээнд харж, улс орон бүс нутагт хамтран ажиллаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн тэгш эрхт гишүүнийхээ нэр хүнд, жин нөлөөгөө улам бататгаж, бүс нутаг, тив дэлхийн хэмжээний идэвхтэй тоглогч байна.

     

    Мөнхийн хөрш болох ОХУ, БНХАУ-тай тогтоосон харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн хамт хөгжингүй орнуудтай “Гуравдагч хөрш”-ийн бодлого, “Түншлэлийн харилцаа”-ны хүрээнд тэдний бодит эрх ашгийг Монголдоо болон бүс нутагт анхаарах, дэмжих замаар гадаад харилцааг тэнцвэржүүлэх бодлогыг тууштай явуулна. 

     

    Гадаад бодлогыг эдийн засагжуулах, гадаад оронд оршин суух, зорчих иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, дэлхийн монголчуудын оюун ухаан, мэдлэг, чадварыг Монгол орны хөгжил цэцэглэлтэд эерэгээр ашиглах, цаг үетэй уялдан өөрчлөгдөж буй гадаад бодлогын “Шинэ” зорилт, зарчим, чиглэл, шийдвэр гаргалтад “Шинэ” арга механизмыг байнга эрэлхийлнэ.

     

  • ДОЛОО. Шинэ аж үйлдвэр

    Мэдлэг оюунд суурилсан технологийн салбарыг тэргүүлэх ач холбогдол өгч, тээврийн зардал бага шаарддаг, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг түлхүү хөгжүүлэн, салбаруудын зохистой харьцааг бий болгох аж үйлдвэрийн бодлогыг баримтална.

     

    Гадаадын хөрөнгө оруулалт, глобалжилт, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал, шинэ техник технологи зэргийн Монголд нэвтрэхэд учрах аюулгүй байдлын нөлөөг судалж, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

     

    Монголд үйлдвэрлэгдэх боломжтой бараа бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ. 

     

    Хоёр их гүрний дунд хашигдсан, далайд гарцгүй, хүйтний улирал нь урт, дэд бүтэц нь сул хөгжсөн, усны нөөц багатай зэрэг харьцангуй сул талаа саармагжуулж, цахилгааны үнэ хямд, интернетийн хэрэглээ өндөр, гадаад суралцагсдын тоо олон зэрэг давуу талуудаа ашиглан, мэдлэг оюунд түлхүү суурилсан, тээврийн зардал бага шаардах нэмүү өртөг сайтай, эдийн засгийн үр ашиг өндөртэй аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. 

     

    Монгол хүний хэрэгцээг хангах чанар технологи, баглаа боодлын стандарт бүхий хүнс, өндөр зэрэглэлийн дизайн  бүхий хувцас бараа бүтээгдэхүүний хөгжлийг дэмжиж дотоодоо хангана. 

     

    Дотоодын түүхий эдийг боловсруулах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлийг дэмжинэ. Барилгын материалын үйлдвэрлэлийг тууштай дэмжинэ. 

     

    Монголын онцлог, нөхцөлтэй уялдуулан аялал жуулчлалын олон талт хэлбэрийг хөгжүүлж, гадаадын оршин суугч, зорчигч, жуулчдын жил тойрон Монголд зорчих тааламжтай нөхцөлийг хангана. 

     

    Уул уурхайн түүхийн эдийн нэмүү өртгийг сайжруулах, гүн боловсруулахад орчин үеийн технологи, удирдлага менежмент, стандарт аргачлалыг нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Байгальд ээлтэй, эдийн засгийн өгөөжтэй төмөрлөгийн жижиг оврын үйлдвэрлэл, нефть, нүүрсний боловсруулах үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. 

     

    Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай байдлыг дээшлүүлж, шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Монгол Улсад баялаг нөөцтэй нүүрс болон сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж, дунд бага оврын бие даасан эрчим хүчний үйлдвэрлэл явуулах бодлогыг барина.  

     

    Олон улсын болон орон нутгийн авто зам, агаарын тээвэр, төмөр зам, энерги, эрчим хүчний нэгдсэн сүлжээ, транзит тээврийг хөгжүүлнэ. 

     

    Гадаад улсын иргэдэд ээлтэй амьдрах, аялах нөхцөлөөр хангаж, тааламжтай эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй амар тайван байдлыг хангана. Өвөл, хавар намрын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 

     

  • НАЙМ. Хот байгуулалт, амьдрах орчин

    Монгол Улсын нийслэл хотыг уламжлалт өв соёлын үнэт зүйлсдээ хүндэтгэлтэй хандан, хүнээ эрхэмлэн дээдэлсэн, газар нутгийнхаа онцлогт зохицсон, байгаль орчинд ээлтэй урт хугацааны оновчтой бөгөөд тогтвортой хот төлөвлөлтөд суурилж, эрүүл, аюулгүй амьдралын таатай орчин бүрдүүлсэн, иргэд хувийн хэвшлийн зохистой оролцоог хангасан, сайн засаглал бүхий  орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангасан их хот болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 

     

    Мөн Нийслэл хотоо төсөв санхүү болон хэрэглээний бүхий л төрлийн ухаалаг шийдлийг дэмжин нэвтрүүлж хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, хэмнэлттэй (SLIM), ухаалаг (SMART),  хүрээлэн буй орчинд ээлтэй (ECOLOGICAL), эдийн засгийн эрч хүчтэй (ECONOMICAL) хот болгон хөгжүүлнэ.   

     

    Хот суурин газрын хүрээлэн буй орчны бохирдол, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хүртээмжгүй байдал гэх мэт тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэн, хүн амын хурдацтай өсөлтийг даган тасралтгүй нэмэгдэх хэрэглээг хязгаарлагдмал нөөцөөр хангах явцдаа хүрээлэн буй орчин болон иргэдэд ээлтэй, аюулгүй, амьдрахад таатай, өрсөлдөх чадвартай, эрч хүчтэй хотуудыг бий болгон хөгжүүлнэ.  

     

  • ЕС. Хүнс, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хөгжлийн бодлого

    Хүн ам цөөтэй, эх газрын эрс тэс уур амьсгалтай, экологийн эмзэг орчин бүхий уул, тал хээр, говь цөл хосолсон өргөн уудам нутагтай Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлж, засаг захиргааны олон жижиг нэгжийг томсгон, сум дундын болон аймгийн, бүсийн төвүүд зэрэг хот суурин газрыг хөгжүүлснээр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгана.  

     

    Байгаль орчны даац, чадавхид нь тохируулан бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал, орчин үеийн суурин соёл иргэншил, техник технологийн ухаалаг ололт, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлтэй зохистойгоор хослуулан хөдөлмөрийн бүтээмж, үржил шимийг дээшлүүлнэ.   Газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн хөдөлмөрийг хялбаршуулах, хорших зөв хэлбэрийг олж нэвтрүүлнэ. 

     

    Хөдөөгийн хүн амын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, мэдээлэл, ахуйн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлнэ. 

     

    Хөдөө орон нутгийн өөртөө засах эрхийг нэмэгдүүлж, малын хөлийн татвар зэрэг боломжтой гэсэн татварыг хөдөө орон нутгийн хөгжилд зарцуулах эрхийг тухайн орон нутагт нь олгох, тухайн бүсийн байгалийн баялгийн нөөцийг ашигласны эцсийн үр өгөөжийг ахиу хүртээх, байгаль орчныг хамгаалах нийтлэг асуудлыг аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хамтын хүчээр шийдвэрлэж экологийн тэнцвэртэй байдлыг хангах  нөхцөлийг  бүрдүүлнэ. 

     

    Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж, иргэдийг эрүүл, баталгаат хүнсээр хангана. Үндэсний онцлогийг харгалзсан органик, уламжлалт бүтээгдэхүүний экспортыг дэмжин хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангана. 

     

    Зүй ёс дэлгэртүгэй