Мэдээ

Хонг Конг дахь ялалт

11 28, 2019

Өнгөрөгч долоо хоног буюу 11 сарын 24-ний өдөр болсон Хонг Конгийн орон нутгийн сонгуулиар Ардчилагч/Шинэчлэгч нар ялалт байгуулжээ.

 

Энэ нь нэг талаасаа энэ оны 4-р сараас хойш үргэлжилсэн бослого хөдөлгөөн үр дүнгээ өгсөн хэрэг болсон билээ. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг “Бээжин”-д шилжүүлэх хууль санаачилсантай холбоотойгоор Бээжингийн оролцоог тайван байдлаар эсэргүүцэж ирсэн Хонг Конгийн иргэдийн тэвчээр алдарчээ. 1997 онд Их Британийн колониос гарсан Хонг Конг 2047 он хүртэл бие даасан улс төр, хуулийн системтэй байх тохироотой боловч Бээжингийн оролцоо ил далд хэлбэрээр их байдаг гэдэг нь нууц биш юм. Гэвч энэ хууль батлагдсанаар Бээжингийн нөлөө илт ихэсч, шударга бус, хэрцгий, ардчилсан бус шүүх системд шилжинэ гэдэгт ард түмэн эгдүүцэж бослого эхэлжээ. Улмаар энэ бослого нь үр дүнгээ өгч уг хуулийн төсөл хойшлогдож, эцэстээ буцаагдсан боловч хэд хэдэн залуучууд баригдаж, хүний амь эрсэдсэнтэй холбоотойгоор одоо болтол үйл явдал үргэлжилж байгаа билээ. Энэхүү нийтлэлээр та бүхнийг бослого тэмцэлд уриалах сэдэл огт байхгүй бөгөөд гагцхүү ардчиллын үнэ цэнэ болсон иргэн таны оролцоо ямар их чухал вэ гэдгийг л дурдахыг хүслээ.

 

Энэ бослоготой холбоотойгоор томоохон шинэчлэл авчирсан нэг зүйл бол энэ удаагийн Хонг Конгд болсон орон нутгийн сонгуулийн үр дүн байлаа. Хэд хэдэн талаараа Монголчууд бидэнд, залуучууд бидэнд сургамжтай, тусгаж авч хэрэгжүүлмээр зүйлс их байсан тул дор сийрүүлж бичлээ.

 

Улс төрийн идэвхи буюу Таны ирээдүйг та л шийднэ

 

1999 оноос хойш явуулж ирсэн дүүргийн сонгуульд 2015 он хүртэл хамгийн ихдээ сонгогчдын 47% нь оролцож байсан бол энэ жилийн сонгуульд нийт сонгогчдын 71% буюу 4.1 сая хүн бүртгүүлэн оролцжээ. Үүн дотор залуучуудын оролцоо маш өндөр байсан бөгөөд өмнө нь оролцдоггүй байсан залуучуудыг татаж оролцуулж чадсан гэдэг нь Шинэчлэгч/Ардчилсан хүчний хамгийн том хүч байлаа.

Нэг санал ч нөлөөтэй. Нэг хүн ч хүчтэй. 

 

Шинэ хүмүүс - Шинэ салхи

 

Нийт 452 суудлын 389-г ардчиллыг дэмжигч хүчин авсан бөгөөд энэ нь 2015 онд авч байсан 124 суудлаас даруй 275 суудлаар их байжээ. Ялагчид дунд залуучууд маш олон байсан бөгөөд BBC-н нэр цохон дурдсан онцгой нэр дэвшигчдэд 37 настай Cary Lo, 32 настай Jimmy Sham, 23 настай Karrine Fu, 21 настай Jordan Pang нар орсон байна. 

Улс төрийн туршлагагүй ч гэсэн шинэ хүмүүс шинэчлэлийг бүтээж, хүссэн үр дүнг авчирна гэж Хонг Конгийн ард түмэн итгэжээ. 

 

Шударга сонгууль - Шинэчлэлийн боломж

 

Энэ сонгуулийн өрсөлдөгчтэйгээ хамгийн ойрхон ялалтыг авсан нэр дэвшигч бол Хонг Конгийн Их Сургуулийн урлагийн тэнхимийг төгсөгч 23 настай Karrine Fu байсан бөгөөд 2007 оноос хойш тус суудалд сууж байсан 45 настай Hung Li Cham-г ердөө 59 саналаар ялжээ. 

Шударга сонгууль явуулж чадсан учраас ийм ялалт гарч ирсэн болов уу. Нэг талаасаа хүн болгонд тэгш боломж гэдэг систем үйлчилж байгаагийн тод жишээ. 

 

Эхний алхам хамгийн чухал

 

Мэдээж энэ сонгуулийн үр дүн бол ердөө л эхлэл. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулахаас төрийн эрхийг авч, хууль тогтоогч улс төрийн хүчин болж, Бээжингээс тусгаарлатал урт бөгөөд хэцүү зам байна. Гэхдээ энэ зам руу орохгүй л бол ард нь гарч чадахгүй. Энэ замыг эхлүүлсэн гэдгээрээ одоогийн залуучууд түүхэнд бичигдэж үлдэх биз ээ. 

 

Монголчууд бидэнд ч гэсэн 30 жил төөрч явсан ардчиллаа засч залруулах, авлигал, хээл хахуульд идэгдсэн энэ нийгмээ өөрчлөх хүсэл эрмэлзэл байгаа. Энэ өөрчлөлтийг хийх хүч чадал, эрх мэдэл нь хэнд ч биш зөвхөн таны гарт байгаа гэдгийг та бид ухаарах хэрэгтэй бөгөөд гагцхүү та үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эсэхээс л бүх зүйл хамаарна. Гэхдээ хүн болгон завгүй болсон өнөөгийн нийгэмд заавал нэр дэвших албагүй, заавал улс төрийн идэвхитэй байх албагүй, заавал бодлого тодорхойлж, цаг заваа улс төрд зориулах хэрэгтэй гэсэн үг биш. Зөвхөн шаардлагатай үед нь улс төрчдийн ярьж байгаа зүйлс дээр өөрийнхөөрөө дүгнэлт хийж, эх оронд тань, ард түмэнд тань, гэр бүл, цаашлаад өөрт чинь хэрэгтэй гэж үзсэн бодлого, хүнийхээ төлөө ул суурьтай саналаа өгөхөд л болно. Энэ л өөрөө ардчиллын амин сүнс болсон иргэн таны улс эх орондоо, ардчилсан тогтолцоондоо, амьдралдаа оруулж буй том хувь нэмэр юм.

 

Үнэн зөв, шударга, ул суурьтай, ирээдүйтэй бодлогыг та бүхэнд танилцуулах нь харин улс төрчдийн үүрэг бөгөөд энэ үүргийг шинэ үеийн залуучууддаа итгэж хариуцуулах цаг нь нэгэнт болсон болов уу. Шинэ салхийг үлээлгэх мэдлэг чадвартай, сэтгэлтэй, шударга залуучууд бол бидэнд бий. Тэдэндээ итгэж боломж олгоцгооё.

 

Хонг Конгийн ард түмэнд баяр хүргэе! Ардчилал мандтугай!

 

2019.11.28

З.Сугар