Мэдээ

“ЗҮЙ ЁС” НАМЫН ДАРГА Б.НАСАНБИЛЭГ: ЭХ ОРОН, ЭВ НЭГДЭЛ БИДНИЙ ГОЛ ҮНЭТ ЗҮЙЛ

10 31, 2019

     Улсын дээд шүүхэд хамгийн сүүлд бүртгүүсэн “Зүй ёс нам”-ын дарга Б.Насанбилэгтэй ярилцлаа. Ингэснээр манай улс төрийн 35 намтай болж байна.

 

-Яагаад та бүхэн шинэ нам байгуулахаар болсон юм бэ?

     Бусдын төлөө чин сэтгэл, эв нэгдэл, багийн хамтын ажиллагаа, ярих бус хийдэг, бодит шийдэл, үр дүн, алсын харааг юу юунаас илүү эрхэмлэдэг Японд сургууль төгссөн хэсэг залуус Зүй ёс намыг байгуулах санаа санаачилгыг гаргаж, үзэл баримтлал, үнэт зүйл нэг хүмүүсээр гишүүдийн хүрээгээ тэлж байгуулсан. Нам үүсгэн байгуулах анхны санаачилга, анхны уулзалтууд 2018 оны гуравдугаар сараас эхэлсэн. 2019 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагчдын ажлын хэсгийн анхны уулзалтыг зохион байгуулсан. 2019 оны зургадугаар сарын 8-нд Үүсгэн байгуулах Их хурлаа зохион байгуулж “Зүй ёс” намаа байгуулах албан ёсны шийдвэрийг гаргасан билээ. Энэ хугацаанд бид намын үндсэн баримт бичгүүдийг боловсруулах, гишүүдийн хүрээг тэлэх, өөрсдийн үзэл баримтлалыг таниулан сурталчлах, бусдын туршлагаас суралцах, мэдээлэл цуглуулах гэх мэт ажлуудыг олон удаа зохион байгуулсан.

     Үзэл баримтлалын хувьд бид эв нэгдэл, хамтын ажиллагааг гол үнэт зүйлээ болгосон төв үзлийг сонгож авсан. Бид улс эх орон, ард түмний эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, алсын хараа бүхий зөв зүйтэй бодлогыг дэмжиж, хамтарч ажиллах болно. Харин явцуу эрх ашиг, буруу бодлогыг тууштай эсэргүүцэх болно.

 

-Намын нэр, бэлгэдлийг тайлбарлаж өгнө үү?

     Бид намаа “Зүй ёс” гэж нэрлэсэн. Зүй ёс гэдэг нь англиар JUSTICE гэсэн үгийн орчуулга юм.МУИС-ийн философийн тэнхимийн багш, доктор Д.Батчулуун гуай энэхүү үгийг “Зүй ёс” гэж орчуулах нь зүйтэй гэж үзэж, энэ ухагдахуун нь дотроо хүн ёс, хууль ёс, шударга ёс, ёс суртахуун зэрэг ойлголтуудыг агуулсан өргөн утга, гүнзгий агуулга бүхий ойлголт гэж тайлбарласан байдаг. Энэ нь бидний үзэл баримтлал, үнэт зүйлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаджээ гэж үзэж намын нэрээр сонгон авсан. Тус намын бэлгэдлийг харвал голд нь буй “Зүй ёс”-ыг илэрхийлсэн арга билгийн дугуйг “Хууль ёс”, “Хүн ёс” “Шударга ёс”-ыг бэлгэдсэн нэгэн гэр бүлийн гурван хүн тулгын гурван чулуу мэт хүрээлж, хамгаалсан байгаа. Намын далбааны хувьд Монголын хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр дэвсгэр дээр сүү шиг цагаан сэтгэлийг бэлгэдсэн цагаан дэвсгэр бүхий цагийн хүрдний голд бэлгэдлээ байршуулсан байгаа.

 

-“Зүй ёс” намын зорилго юу вэ?

     Монгол Улс соёл урлагийн асар их өвтэй, өвөрмөц уламжлал зан заншилтай, бахархмаар түүхтэй. Монгол хүн цайлган цагаан, тусч сайхан сэтгэлтэй. Монгол орон өргөн уудам газар нутагтай, хангай говь хосолсон дөрвөн улирал бүхий, дэлхийд хаана ч үгүй нүүдлийн мал аж ахуй бүхий гайхамшигтай сайхан орон. Энэ сайхан эх орноо, ард түмнээ хамтдаа хайрлаж, хөгжүүлэх нь бидний үүрэг.

     Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгон авснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улс зөв замаа сонгон авсныг харуулсан ололт амжилт олныг дурдаж болох юм. Гэсэн хэдий ч баялгийн хуваарилалт шударга бус явагдаж, баян хоосны ялгаа, ажилгүйдэл болоод ядуурал нэмэгдэж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, худал хуурмаг, шударга бус байдал газар авч, хүүхэд залуучуудын болон нийгмийн ёс суртахуун доройтож, байгаль орчны бохирдол, авлига хээл хахууль газар аваад байгааг олон хүн хэлж ярьж байгаа. Эдгээр сөрөг үзэгдлүүдээс болж иргэд, ялангуяа залуучуудын сэтгэл санаа хямарч, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, эх орондоо хүсэл мөрөөдөлтэй, ажилтай орлоготой амьдрах боломжгүй болоод байна. Зарим төрийн түшээдэд улс орноо гэх чин сэтгэл, ёс суртахуун дутаж, хууль ёс завхарч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал эрх мэдлээ булаалдаж, ард түмэн явцуу бүлэглэлийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх тэмцлийн хөлд үрэгдэж байна. Бүлэглэлийн гарт эргэлт буцалтгүй орсон эрх баригчид, улстөрчдөөс гарах гарц, бодит шийдлийг хүлээсээр ард нийтээрээ залхаж, улс төр сонирхох ч дургүй болжээ. Гэтэл энэ хооронд Монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучууд эх орондоо амьдарч, шударгаар хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэсэн итгэл үнэмшлээ алдан гадаадад олноороо дүрвэж, эх орон эзгүйрсээр, доройтсоор байна. Дүрэм журмаар оршин тогтнох ёстой нийгмийн гишүүд нь шат шатандаа дүрэм журмаа үл ойшоох болж, нийгмийн эмх замбараагүй байдал, шударга бус, зүй ёсгүй байдал газар авсан.

     Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт социалист тогтолцооноос хөрөнгөтний буюу ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн явцад бидний бий болгосон шинэ тогтолцоо нь учир дутагдалтай байснаас тогтолцооны хямрал үүсч, ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэхдээ гажуудуулж намын болон төр, засгийн эрх мэдэл бүлэглэлүүдийн гарт орсноос бүх зовлон бэрхшээл үүсэн гарч байна.

     Иймд “Зүй ёс нам”-ын хувьд ардчиллын гол тулгуур чулууны нэг болох “зүй ёс” буюу шударга ёс, хууль ёс, хүн ёсыг түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ тэгш боломжтой, зүй ёстой, зөв сайхан нийгэм үлдээхийг зорьж ажиллах болно. Үүний тулд суурь боловсрол буюу “хувь хүний зөв төлөвшил”-д тэргүүлэх ач холбогдол өгөх болно. Энэ ажлыг нэгэнт бүлэглэлийн гарт орж, бохирдсон, эргэж цэвэрших авралгүй болсон, харилцан барьцаалагдсан улс төрийн хуучинсаг хүчнийг өөрчлөх замаар хийхээс илүүтэйгээр улс төрийн цоо шинэ нам байгуулж бүр цоо шинээр эхнээс нь зөв, зүйтэйгээр, цэвэр, цэгцтэйгээр, нягт нямбайгаар хийх нь зөв гэж үзсэн юм.

 

-Таны ярианаас “Зүй ёс нам”-ыг байгуулах санаачилга Японд сургууль төгсөгчдөөс гарчээ. Та бас өөрөө Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн тэргүүн юм байна. Ер нь Японд сургууль төгсөгчдийн онцлог, тэдний үнэт зүйл гэвэл та юу хэлэх вэ?

     Тус намын үүсгэн байгуулагч болох 30-40 хүн нь Япон улсад их, дээд сургууль төгссөн хүмүүс. Японы их, дээд сургуульд монгол хүн анх суралцсан түүх нь социализмын үед буцалтгүй тусламжаар ямааны ноолуур, тэмээний ноосны “Говь” комбинат баригдсан түүхтэй холбоотой. “Говь” комбинат баригдаж дуусах шатанд хоёр орны Засгийн газрын яриа хэлэлцээний дагуу инженер техникийн ажилтан бэлтгэхээр болж, 1980 оноос эхлэн жил бүр хоёр хүн Япон улсын их дээд сургуульд суралцуулахаар болсон байдаг. Хамгийн эхний оюутан нь Япон улсад сууж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, уул уурхайн сайд асан Р.Жигжид, Худалдаа аж үйлдвэрийн яам болон Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд олон жил ажиллаж, Дорноговь аймгийн Засаг даргын албыг хашиж байсан П.Ганхуяг нар юм.

     1990-ээд оноос Монголд болсон ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийг дэмжин Япон улсын Засгийн газраас Японд суралцах монгол оюутны тоог 4, 8, 16 зэргээр нэмсээр өнөөдөр Японы Засгийн газрын тэтгэлэг болон хувийн зардлаар жилдээ 400-500 хүн суралцахаар явдаг болж, өнөөдрийн байдлаар нийтдээ 3000 гаруй хүн суралцаж байгаа тооцоо гарч байна.

     Японд суралцагсад ер нь итгэл даах чадвартай, худлаа ярьдаггүй, улаан гэрлээр ч гардаггүй үнэнч шударга, цаг барьдаг, нягт нямбай, хууль дүрэм, сахилга бат, дэг журмыг дээдэлдэг, ах захаа хүндэлдэг, бусдыг хүндэтгэж, бусдад саад бэрхшээл учруулахгүйгээр эрхэлсэн ажлаа тууштай сайн хийдэг, төлөв даруу, салбарын сайн мэргэжилтэн байхыг зорих чанарт суралцсан байдаг.

     Японд сургууль төгсөгчид 1995 онд Японд сургууль төгсөгчдийн“ЖУГАМО” хэмээх нийгэмлэгийг байгуулж, нэгд, нэгэн үнэт зүйлтэйн хувьд Японд төгсөгчдийн хоорондын хэлхээ холбоог сайжруулах, хоёрдугаарт, Монгол-Японы найрамдалт харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах, гуравдугаарт, тэргүүний дэвшилтэт технологи, хотын соёл, ёс зүйд суралцсаны хувьд сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн гурван гол зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг.

     Нийгэмлэгийн ажлын хүрээнд эрхэлдэг ажил мэргэжил, хувийн сонирхол хоббигоор ангилсан төрөл бүрийн дугуйлан клуб ажиллаж ирсэний нэг нь нийгмийн муу муухай, алдаа дутагдлыг засаж залруулах чиглэлээр ажиллаж байсан “Кайзэн” буюу “Засаж залруулах, сайжруулах” хэмээх дугуйлан юм. Уг дугуйлангийн хүрээнд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, энэ тал дээр Япон улсын тэргүүн туршлага юу байгааг хэлэлцдэг байв. Яваандаа нийгэмд тулгараад байгаа энэ бүх муу муухайг засаж залруулахад иргэдийн нийгмийн оролцоо, улс төрийн идэвх чухал үүрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Ийнхүү улс төрд оролцох зориг эрмэлзэл бүхий төгсөгч залуучууд нэгдэн нам байгуулах тухай ярилцдаг болсон нь “Зүй ёс нам”–ын үүсэх эхлэл байжээ гэж үзэж болно.

     Энд зориуд хэлэхэд нийгмийн идэвхтэй байж, хувь хүний үзэл баримтлалынхаа дагуу аль ч намд элсэн орж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг “ЖУГАМО” нийгэмлэг нээлттэй дэмжиж ирсэн байдаг. Жишээ нь, эрх барьж ирсэн хоёр том намд ч Японд сургууль төгсөгчид байсан бөгөөд Засгийн газарт болон парламентад орж ажилласан боловсролын сайд асан Т.Гантөмөр, уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Р.Жигжид, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болох Ц.Байгалмаа, М.Тулгат нарын улстөрчдийг нэрлэж болно .

 

-Улс төрийн үзэл баримтлалаа тайлбарлана уу. Төв үзэл гэж юу вэ?

     Бид намынхаа үзэл баримтлалын талаар олон удаа хэлэлцэж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, ном сонин уншиж судалсан. “Зүй ёс нам” нь салбар бүрт зүй Ёсыг тогтоож, дэлгэрүүлэхийн төлөө байх бөгөөд зүүн баруун гэж туйлшрах бус аливаа асуудлын голыг олох, асуудалд прагматик, реалист хандлагаар ханддаг, эв нэгдэл зөвшилцлийг эрхэмлэдэг, нийгмийн ардчилал, нийгмийн эрх чөлөөний төв үзэл баримтлал бүхий бүхий улс төрийн нам байх болно.

     Зүй ёс Нам” нь “Хууль ёс”, “Шударга ёс”, “Хүн ёс”, “Ёс зүй”, “Тэгш боломж”-ийн төлөө, “Зүй ёсыг дэлгэрүүлэхийн” төлөө тэмцэж, ”Эрх чөлөө-Тэгш боломж, Эрх зүйт төр-Шударга ёс, Эрдэм боловсрол-Эв нэгдлийг эрхэмлэх замаар Монгол Улсад зүй ёсыг дэлгэрүүлнэ. Монгол Улс урт удаан хугацаанд тогтвортой, бие дааж хөгжих, оршин тогтнох чадвар бүхий улс байхыг зорино. Ард иргэдээ аз жаргалтай, чинээлэг амьдруулах бодит шийдэл нь энэ гэдэгт бид итгэдэг.

     Нэг үзэл суртал бүхий тоталитар дэглэмээс уламжлагдсан олон ургалч үзлийг үл тэвчих, бусдад өөрийн бодлоо тулгадаг, аливаа асуудал маргааныг сэтгэл хөөрөл, хүчээр шийдэх гэдэг, эсрэг үзэл бодолтой хүнээ үзэн ядаж, харлуулах, зөвшилцөж чадахгүй болонгуутаа өлсгөлөн, жагсаал цуглаан зохион байгуулж, буу шийдэмдээ хүрдэг хэт туйлшрамтгай хандлага одоо ч оршсоор байна. Аливаад хүлээцтэй ханддаг, бие биенээ хүндэтгэдэг, эв эеийг эрхэмлэдэг, зөвшилцөж чаддаг улс төрийн соёл Монгол оронд ус агаар мэт чухал байна гэж үзсэн учир бид төв үзлийг сонгож авсан болно.

 

-Намын дарга Та өөрийгөө танилцуулна уу?

     Би 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний аав Ц.Батбаяр, Төв аймгийн Мөнгөнморьтод төрсөн хүн. Миний ээж А.Бүтэд мөн Төв аймгийн Баяндэлгэрт төрсөн, Монгол Улсын гавьяат жүжигчин хүн. Гэр бүлийн хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

     Би 1993 онд нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд 1993-1995 онуудад Бээжин хотын Гадаад хэлний их сургуульд хятад хэл сурсан. Дараа нь 1995- 1998 онуудад МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байгаад дундаас нь Япон улсыг зорьж 2003 онд Япон Улсын Ёкохама хотын Их сургуулийг олон улсын харилцаа, олон улсын улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Улмаар 2005 онд Япон Улсын Хитоцубаши их сургуульд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан.

     Ажлын хувьд 2005- 2008 онуудад Японы үндэстэн дамнасан Сожицу корпорацийн судалгааны хүрээлэнд судлаачаар орж ажилласан бөгөөд, 2008 онд гэр бүлийн хамт эх орондоо эргэж ирэн, 2008- 2012 онуудад Сожицу корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал, 2012 оноос хойш уг төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байна.

     Японд сурч байх хугацаандаа Япон дахь Монгол оюутны холбоо буюу ЯМОХ-ын гишүүн, тэргүүнээр ажиллаж, бусадтайгаа хамт Монгол Улсаа сурталчлах, монгол оюутнуудынхаа холбоо харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байсан. 2008 онд эх орондоо эргэн ирж ажиллахын хажуугаар Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2016 оноос хойш ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байгаа билээ.

 

-Танай намын гишүүнчлэлийн бодлого?

     -Бид нам бүртгүүлэх шатанд 1500 гаруй гишүүн элсүүлсэн. Цаашдаа гишүүний тоо хөөхгүй, дэмжигчдэд тулгуурласан, бодлогын нам байх юм. Манай намын гишүүдийн эрхэмлэвэл зохих арван зүйл нь Нэг. Зүй ёс, Хоёр. Хууль ёс, Гурав. Нийтийн эрх ашиг, Дөрөв. Сахилга бат, дэг журам, Тав. Итгэл, Зургаа. Сэтгэл, Долоо. Зүтгэл, Найм. Эрдэм мэдлэг, Ес.Чадвар, Арав. Эв нэгдэл болно. Эдгээрийг эрхэмлэж, үүрэг хариуцлагыг хамтдаа хүлээж, багаар ажиллах чадвартай, намын бодлого, мөрийн хөтөлбөр, дүрэм журмыг хүлээн зөвшөөрсөн, өөр намын харьяалалгүй, 18-аас дээш насны Монгол Улсын иргэн бидэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх асуудал бол нээлттэй.

 

-Цаашдын төлөвлөгөө?

     Юуны өмнө бид Зүй Ёс намаа Монголын ард түмэнд урт удаан хугацаанд үр өгөөжөө өгч, тогтвортой оршин тогтнож чадах улс төрийн зөв соёл бүхийн нам болгож төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах болно.

     Мөн улс төрийн намын хувьд тэргүүлэх зорилт нь 2020 оны сонгуульд бэлдэж оролцох болно. Үүний тулд хүний нөөц, санхүүжилт, сонгуулийн мөрийн хөтөлбөр бэлдэх гэх мэтийн ажлуудыг хийх болно. Мөн өөрсдийн үзэл баримтлалаа олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж ард түмэнд таниулах ажил зохион байгуулах болно.

 

-Танай нам шинэ тулгар, хөрөнгө мөнгөгүйгээр хэрхэн сонгуульд оролцох вэ. Санхүүжилт яаж босгох вэ?

     Бид намын гишүүдийн татвар, хувь хүн аж ахуйн нэгжүүдийн хандив дэмжлэгээр санхүүжих болно. Бидний хувьд нийгмийн сүлжээг сайтар ашиглан сурталчилгаа хийж, бага зардлаар сонгуульд оролцох, намын үйл ажиллагаагаа аль болох зардал багатай байлгах бодолтой байна.

 

-Бусад намтай эвсэх тал дээр...

     Яваандаа үзэл баримтлал, үнэт зүйл нэг бусад улс төрийн намтай эвсэх, нэгдэх асуудал байхыг үгүйсгэхгүй.

 

-Нийгмийг эерэгээр өөрчлөхөд хэр их хугацаа хэрэгтэй вэ?

     Юуны өмнө Монголд ардчиллыг гажуудуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнд онош тавьж, хэрхэн засаж залруулах эмчилгээний жор боловсруулахаас эхлэх ёстой. Жишээлбэл, саяхан МУИС-ийн Улс төрийн сургуулиас энэ сэдвээр зохион байгуулсан бага хуралд оролцсон “Тоталитор дэглэмээс гажуудсан ардчилал руу” номын зохиолч Чехийн алдарт улс төр судлаач М.Клима нэгэнт гажуудсан ардчиллыг засаж залруулах, хулгайч, шимигчдээс салахын тулд хүний амьдралын нэг цикл буюу 40-60 жил хэрэгтэй хэмээсэн. Тэрбээр “Тогтолцооны шинэчлэл, институцуудын төгөлдөршил, мэргэжил, мэдлэг бүхий залуу үеийн улс төрийн идэвх, хүчтэй идэвхтэй иргэний нийгэм,шүүх засаглалын бие даасан, ил тод байдал, эрх барьж буй улстөрчдийн иргэний зориг” зэргийг гол жор хэмээсэн.

     Монгол орны хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай, нэр цэвэр, ёс суртахуунтай, юм үзэж нүд тайлсан залуу үеийн төлөөллийг олноор оруулж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан ажиллах боломжийг нь нээж өгч чадвал нийгмийн эерэг өөрчлөлтийг богино хугацаанд хийх бүрэн боломжтой гэдэгт эргэлзэхгүй байна.

Зүй Ёс дэлгэртүгэй.