Намын дүрэм

Намын дүрэм

PDF татах
  • НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1.1. НАМЫН НЭР, БАЙРШИЛ

    1.1.1. Намын оноосон нэр нь “ЗҮЙ ЁС” нам байна. Товчилсон нэр нь “ЗЁН” байна. Намын нэрийг англи хэлээр “Justice Party” гэнэ.

    1.1.2. Намын төв байгууллага Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.

    1.1.3. “Зүй Ёс” Нам нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

     

    1.2. АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

    1.2.1. “Зүй Ёс” Нам нь нийгмийн ардчилал, нийгмийн эрх чөлөө, Зүй Ёсыг эрхэмлэсэн, сайн дураар эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн төв үзэл баримтлал бүхий улс төрийн нам байна. 

    1.2.2. Нийгмийн ардчилал, нийгмийн эрх чөлөөг бататган, Зүй Ёсыг дэлгэрүүлэх замаар улс орноо цогцлуулан хөгжүүлэх нь Бидний эрхэм зорилго мөн.

    1.2.3. Бид Эрх чөлөө - Тэгш боломж, Эрх зүйт төр - Шударга ёс, Эрдэм боловсрол - Эв нэгдлийг эрхэмлэн дээдэлнэ. 

     

    1.3. НАМЫН ҮНДСЭН ЗАРЧИМ 

    1.3.1. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх. 

    1.3.2. Үйл ажиллагаагаа ил тод явуулах.

    1.3.3. Гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход үндэс угсаа, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох.

    1.3.4. Дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх.

    1.3.5. Бусад намын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс үл оролцох, өөрийн үзэл баримтлалыг тулган шаардахгүй байх.

    1.3.6. Үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах.

    1.3.7. Монгол Улсаас гадаад улстай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх.

    1.3.8. Үндэсний нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих.

    1.3.9. Төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй байх.

    1.3.10. Шашны байгууллагын үйл ажиллагаанд болон боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

     

    1.4. НАМЫН БЭЛГЭДЭЛ, ДАЛБАА

    1.4.1. “Зүй Ёс” Нам нь өөрийн бэлгэдэл, далбаатай байна. 

    1.4.2. “Зүй Ёс” Намын бэлгэдэл нь “Арга билиг”, түүнийг тойрсон гурван хүний дүрсээс бүрдэнэ. “Арга билиг”-ээр шударга, тэгш байдал, зүй ёсыг, тулгын гурван чулуу мэт гурван хүний дүрсээр эрт, эдүгээ, ирээдүй гурван цаг, эв нэгдэл, тогтвортой байдал, сайн сайхан амьдралыг бэлгэднэ. Бэлгэдэл нь цагаан дэвсгэр дээр улаан өнгөөр дүрслэгдэнэ. Цагаан өнгөөр цэвэр ариун, шударга үнэнийг, улаан өнгөөр мандан бадарч, хөгжин дэвшихийг бэлгэднэ.

     

    Зүй ёс нам лого

     

    1.4.3. Далбааны урт өргөний харьцаа нь 2:1 байх бөгөөд далбааны төв хэсэгт намын бэлгэдэлийг хүрд эрдэнийн голд байршуулсан байна. 

    1.4.4. “Зүй Ёс” Намын далбаа нь өнө мөнхөд цэвэр нандинаар оршихыг бэлгэдсэн мөнх тэнгэрийн цэнхэр өнгөтэй байна. Далбааны төвд ашид дэвжих, тасралтгүй тууштай байхыг бэлгэдэн цагаан өнгийн хүрд эрдэнийн дүрсэн дээр намын бэлгэдлийг байршуулсан байна. 

    “Зүй Ёс” Намын далбаа

    1.4.5. Далбааны өнгөний код-уудыг дараах хүснэгтэд үзүүлэв. 

      Өнгө                 HEX                    RGB                          CMYK

    Цагаан               #FFFFFF               255,255,255             0-0-0-0

    Улаан                 #FF0000              255,0,0                    0-100-100-0

    Цэнхэр               #0080FF              0,128,255                100-50-0-0

     

    1.4.6. Намын албан хуудас, тамга тэмдэг дээр намын бэлгэдэл байна. 

    1.4.7. Намын нэр, бэлгэдэл, далбаа, албан хуудас, тамга, тэмдгийг хэрэглэх, ашиглах, хадгалах асуудлыг дотоод журмаар зохицуулна. 

  • ХОЁРДУГААР БҮЛЭГ. НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ

    2.1. НАМД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ 

    2.1.1. “Зүй Ёс” Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, дэмжиж буй, өөр улс төрийн намын харьяалалгүй 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнсайн дурын үндсэн дээр тус намд гишүүнээр элсэж болно.

    2.1.2. Намаас гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн тохиолдолд тухайн иргэний хүсэлт гаргасан өдрийг намд элссэн өдөрт тооцно.

    2.1.3. Намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл түүнд давуу байдал олгох үндэслэл болохгүй.

    2.1.4. Намд албадан элсүүлэх болон намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно.

    2.1.5. Намд элсэх, намын гишүүнээр бүртгүүлэх, намын гишүүний татвар төлөх асуудлыг намын дотоод журмаар зохицуулна.

     

    2.2. НАМЫН ГИШҮҮНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ 

    2.2.1. Намын гишүүд нь дараах зүйлсийг эрхэмлэнэ.

                 - Зүй Ёсыг эрхэмлэнэ. 

                 - Хууль ёсыг эрхэмлэнэ.

                 - Нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ.

                 - Сахилга батыг эрхэмлэнэ.

                 - Итгэлийг эрхэмлэнэ. 

                 - Сэтгэлийг эрхэмлэнэ.

                 - Зүтгэлийг эрхэмлэнэ.

                 - Эрдэм мэдлэгийг эрхэмлэнэ.

                 - Чадварыг эрхэмлэнэ.

                 - Эв нэгдлийг эрхэмлэнэ. 

     

    2.3. НАМЫН ГИШҮҮНИЙ ЭРХ

    2.3.1. Намын гишүүн нь намын үзэл баримтлал, дотоод журамтай танилцах.

    2.3.2. Намын үйл ажиллагаа, намын мөрийн хөтөлбөр, боловсруулах, хэлэлцэх, шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох.

    2.3.3. Намын аливаа байгууллага болон сонгуульт албан тушаалд нэр дэвших, дэвшүүлэх, сонгох, сонгогдох.

    2.3.4. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд намаас нэр дэвших, нэрээ дэвшүүлж буй хүмүүсийн талаар санал гаргах.

    2.3.5. Намын дотоод үйл ажиллагаа, намаас хэрэгжүүлж буй бодлогын талаар асуулга асуух, санал хүсэлт тавих, шүүмж хийх, мэдээлэл өгөхийг шаардах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан сонсох, хэлэлцэх санал гарган шийдвэрлүүлэх. 

    2.3.6. Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох, гарсан шийдвэрийн талаар намын эрх бүхий байгууллагад хандах. 

    2.3.7. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд үзэл бодол, нэр төрийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах.

     

    2.4. НАМЫН ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ

    2.4.1. Намын мөрийн хөтөлбөр, үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын дүрэм, журмыг чандлан биелүүлэх.

    2.4.2. Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож намын мөрийн хөтөлбөр, бодлогыг үнэн зөвөөр сурталчлан таниулах, намын гишүүд, дэмжигчдийн цар хүрээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах. 

    2.4.3. Бүх шатны сонгуульд дэвшүүлж буй Намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч нарыг дэмжиж сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

    2.4.4. Бүх шатны сонгуульд намаас нэр дэвшүүлсэн буюу дэмжихээр шийдвэрлэсэн нэр дэвшигчтэй зэрэгцүүлэн бие даан нэрээ дэвшүүлэхгүй байх. 

    2.4.5. Олонхоор гаргасан мөрийн хөтөлбөр , бодлого, шийдвэр, дотоод эв нэгдэл, намын болон намын гишүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйл ажиллагаа явуулахгүйбайх. 

    2.4.6. Намын албан ёсны шийдвэрийг хэрэгжүүлэхэд зориуд саад учруулахгүй байх мөн уг шийдвэрийн эсрэг байр суурь бүхий бусад улс төрийн нам, этгээдийг аливаа хэлбэрээр дэмжихгүй байх.

    2.4.7. Гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх. 

    2.4.8. Хувийн эрх ашгийг урьтал болгохгүй байх.

    2.4.9. Ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх.

     

    2.5. НАМЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗЭХ 

    2.5.1. Намын гишүүн нь хуульд заасан тохиолдолд Намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харьяалагдах намын байгууллагад бичгээр мэдэгдэж бүртгүүлнэ.

    2.5.2. Түдгэлзэх үндэслэл арилсан бол харьяалагдах намын байгууллагад хүсэлтээ гаргаж, гишүүнчлэлээ сэргээнэ. Намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй. 

     

    2.6. НАМЫН ГИШҮҮНЭЭС ГАРАХ 

    2.6.1. Намын гишүүн нь өөрийн хүсэлтээр намын гишүүнчлэлээс гарч болно. 

    2.6.2. Намаас гарах тухайгаа харьяалагдах намын байгууллагад хүсэлтээ гаргаж гишүүнчлэлээс хасуулна. 

    2.6.3. Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно. Үүнд: 

    2.6.3.1. Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

    2.6.3.2. Бүх шатны сонгуульд тус намаас нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг суртал ухуулга хийсэн.

    2.6.3.3. Намын бүх шатны сонгуульд санал худалдаж авах үйлдэл гаргасан, уг үйлдэлд оролцсон болох нь тогтоогдсон.

    2.6.3.4. Намын албан ёсны шийдвэр эсвэл олонхын саналаар гаргасан шийдвэрийг зөрчсөн тохиолдолд. 

     

    2.7. ДЭМЖИГЧ ГИШҮҮН 

    2.7.1. Намын мөрийн хөтөлбөр, дүрэм, үйл ажиллагааг дэмжиж буй 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн тус намын дэмжигч гишүүн байж болно. 

    2.7.2. Дэмжигч гишүүн нь өөрийн хүсэлтээр намын судалгаа, шинжилгээний ажилд оролцох, намаас зохион байгуулж буй аливаа олон нийтийн арга хэмжээнд оролцох эрхтэй байна. 

    2.7.3. Дэмжигч гишүүн нь намын бодлого, мөрийн хөтөлбөртэй холбоотой санал бодлоо илэрхийлэх эрхтэй байна. 

    2.7.4. Дэмжигч гишүүн нь саналын эрхгүй байна. 

    2.7.5. Намын дэмжигч гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнчлэлээс чөлөөлөгдөх эрхтэй байна.

     

    2.8. ХАРИУЦЛАГА ТООЦОХ 

    2.8.1. Намын хариуцлагатай албан тушаалтан намын нэр хүндийг гутаах, намын бодлого чиглэлээс илт зөрүү үйлдэл хийх, намын эв нэгдлийг бүдүүлгээр зөрчиж, ёс зүйн алдаа гаргах зэрэг намын дүрмийг зөрчсөн тохиолдолд Хяналт, ёс зүйн хорооны шийдвэрийг үндсэлэн доорх шийтгэлийн аль нэгийг шат дараатайгаар оногдуулна: 

    2.8.1.1. Сануулах.

    2.8.1.2. Тодорхой хугацаагаар улс төрийн үйл ажиллагаа явуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах. 

    2.8.1.3. Улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх. 

    2.8.1.4. Сонгуульд намаас нэр дэвшүүлэхгүй байх. 

    2.8.1.5. Намын гишүүнчлэлээс хасах.

    2.8.1.6. Намаас хөөх.

  • ГУРАВДУГААР БҮЛЭГ. НАМЫН БАЙГУУЛЛАГА, БҮТЭЦ, УДИРДЛАГА

    3.1. НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА

    3.1.1. “Зүй Ёс” Нам ын анхан шатны байгууллага нь нийслэлийн дүүрэгт намын хороо, хороонд намын хороо, намын үүр, суманд намын хороо, үүр, багт намын үүр байна.

    3.1.2. Намын үүр нь Монгол улсын засаг захиргааны хамгийн бага нэгж буюу сумын баг, дүүргийн хорооны төвшинд зөвхөн нэг байна. 

    3.1.3. Намын үүрийг гишүүдээс гаргасан хүсэлт, тухайн орон нутгийн намын хороо эсвэл Намын Удирдах зөвлөлийн санаачлагаар хүн амын нягтаршил, намын гишүүдийн тоо, газар зүйн байршлыг харгалзан үзэж Намын Удирдах зөвлөлийн тогтоолоор байгуулна. 

    3.1.4. Намын анхан шатны байгууллага нь тухайн шатны засаг захиргааны нэгжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. 

    3.1.5. Намын хорооны эрх барих дээд байгууллага нь Намын хорооны хурал, Намын үүрийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. 

    3.1.6. Намын анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгчдийг 9 хүртэл сондгой тооны бүрэлдэхүүнтэйгээр тухайн шатны хурлаас 4 жилийн хугацаатайгаар сонгоно. 

    3.1.7. Сонгогдсон намын анхан шатны байгууллагын даргыг намын харьяа дээд шатны байгууллагын дарга батламжилж, удирдамжаар хангана. 

    3.1.8. Дотоод сонгуулийг дотоод журмын дагуу шударга, ардчилсан зарчимд тулгуурлан зохион байгуулж, саналыг нууцаар хураана. 

    3.1.9. Намын анхан шатны байгууллагын хурлыг намын хороо, үүрийн дарга жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна. 

    3.1.10. Намын анхан шатны байгууллага нь намын дүрэм, дотоод журмыг хатуу мөрдөж ажиллана. 

    3.1.11. Намын анхан шатны байгууллагын хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал: 

    3.1.11.1. Намын анхан шатны байгууллагын даргыг сонгох.

    3.1.11.2. Намын анхан шатны байгууллагын хурлын тэргүүлэгчдийг сонгох.

    3.1.11.3. Намын дээд шатны байгууллагад төлөөлөгч сонгож нэр дэвшүүлэх. 

    3.1.11.4. Сум, дүүргийн ИНХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж намын дээд шатны байгууллагад санал болгох.

    3.1.11.5. Сум, дүүргийн ИНХ-ын дарга болон сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг дээд шатны байгууллагад санал болгох. 

    3.1.11.6. Тухайн анхан шатны байгууллагаас Намын нэрээр сонгогдсон, томилогдсон гишүүдийнхээ тайланг сонсож, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах.

    3.1.11.7. Тухайн шатны ИНХ дахь намын бүлгийн ажиллах журмын талаар санал гаргах.

    3.1.11.8. ИНХ-ын сонгуулийн үеэр бусад улс төрийн нам, хүчинтай эвсэх, аль нэг нэр дэвшигчийг дэмжиж ажиллах тухай саналаа дээд шатны байгууллагаар дамжуулан намын Удирдах зөвлөлд тавьж шийдүүлэх.

    3.1.11.9. Намын гишүүдийн нэр төр, эрх ашгийг хамгаалах.

    3.1.11.10. Намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх.

    3.1.11.11. Намын бодлого, мөрийн хөтөлбөрийг сурталчлах. 

    3.1.11.12. Намын гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөх.

    3.1.11.13. Намын гишүүдийн бүртгэлийг хөтлөх.

    3.1.11.14. Намын гишүүдийн татвар хураах 

    3.1.11.15. Намын гишүүд, намын эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах. 

    3.1.11.16. Намын эрх бүхий байгууллагаас өгсөн удирдамжийг биелүүлэх.

    3.1.11.17. Сонгуулийн үед намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх. 

    3.1.11.18. Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэх.

    3.1.12. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хуралдаан

    3.1.12.1. Намын анхан шатны төлөөллийн байгууллага нь намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хурал байна. Төлөөллийн байгууллага байгуулах нөхцөл бүрдээгүй үед намын анхан шатны байгууллага нь өөрөө төлөөллийн байгууллагын эрх үүргийг гүйцэтгэнэ. 

    3.1.12.2. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийг намын хороо, бүх гишүүдийн хурлын гишүүдээс нэр дэвшүүлэн далд санал хураалтаар сонгоно.

    3.1.12.3. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хурал нь намын хороо, бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт 3.1.11.9-3.1.11.17 -д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

    3.1.12.4. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хуралдааныг Намын хороо, үүрийн дарга хуралдуулах бөгөөд хурлыг өөрөө даргална. 

    3.1.12.5. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн гуравны нэгээс дээш гишүүд шаардсан, эсвэл намын даргаас санал гарсан тохиолдолд Намын дарга хурлыг зарлан хуралдуулна. 

    3.1.12.6. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн гуравны хоёр буюу түүнээс дээш гишүүд хуралд оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

    3.1.12.7. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж буй аливаа асуудлыг хуралдаанд оролцогчдын гуравны хоёр буюу түүнээс дээш гишүүдийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. 

    3.1.12.8. Намын хороо, бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт гарсан Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн гишүүний орон тоог нөхөн сонгоно.

    3.1.12.9. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хурлын тогтоолд хуралд оролцсон гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

    3.1.12.10. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

    3.1.13. Намын анхан шатны байгууллагын хурлын тэргүүлэгчид нь Намын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Намын анхан шатны байгууллагын хурлын тов, төлөөлөгчдийн тоог хурал хуралдахаас 14 хоногийн өмнө зарлана.

    3.1.14. Намын анхан шатны байгууллагын хурлаар санал тэнцүү хуваагдсан тохиолдолд Намын анхан шатны байгууллагын дарга эцсийн шийдвэр гаргана. 

    3.1.15. Намын анхан шатны байгууллагын дарга нь хурлын тэргүүлэгчдийн дундаас нэг дэд дарга томилж, чөлөөлж болно. 

    3.1.16. Намын анхан шатны байгууллагын дарга нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон эсвэл чадахгүй байгаа тохиолдолд Хяналт, ёс зүйн хорооны дүгнэлтэд үндэслэн харьяа дээд шатны намын байгууллагын дарга эсвэл Намын Удирдах зөвлөлийн санаачлагаар намын анхан шатны байгууллагын даргыг огцруулах, дараагийн даргыг сонгох хурлыг ажлын 15 хоногт багтаан зарлаж хуралдуулна. 

     

    3.2. НАМЫН ДУНД ШАТНЫ БАЙГУУЛЛАГА

    3.2.1. Аймаг, нийслэлд намын удирдах дээд байгууллага нь аймаг, нийслэлийн намын хорооны хурал байна.

    3.2.2. Аймаг, нийслэлийн намын хорооны хурал нь ээлжит ба ээлжит бус гэж байна. 

    3.2.3. Аймаг, нийслэлийн намын хорооны ээлжит хурал дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдана.

    3.2.4. Намын хорооны ээлжит хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчийн тоо, төлөөлөгч сонгох журмыг хурал хуралдахаас 30 хоногийн өмнө Намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу намын хорооны дарга зарлан хуралдуулна.

    3.2.5. Аймаг, нийслэлийн намын хорооны хурлын төлөөлөгчийг харьяа доод шатны намын анхан шатны байгууллагуудын дарга, хурлын тэргүүлэгч, ИНХ-ын төлөөлөгч, намаас сонгогдсон Засаг дарга болон намын гишүүдээс сонгоно.

    3.2.6. Намын хорооны ээлжит бус хурлыг тухайн дунд шатны байгууллагын намын хорооны даргын санал, дээд шатны намын байгууллагын даргын санал, намын хорооны тэргүүлэгчдийн гуравны нэгээс дээш тооны гишүүд шаардсан тохиолдолд намын хорооны тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулан нийт хуралд оролцогчдын гуравны хоёроос дээш тэргүүлэгчид дэмжсэн тохиолдолд намын хорооны дарга ажлын 15 хоногт багтаан зарлан хуралдуулна.

    3.2.7. Намын хорооны хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно

    3.2.8. Намын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал: 

    3.2.8.1. Намын хорооны даргыг сонгох, чөлөөлөх.

    3.2.8.2. Намын хорооны тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх.

    3.2.8.3. Намын дээд шатны байгууллагад төлөөлөгч сонгож нэр дэвшүүлэх. 

    3.2.8.4. Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж Намын Удирдах зөвлөлд санал болгох.

    3.2.8.5. Аймаг нийслэлийн ИТХ-ын дарга болон Аймаг нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг Намын Удирдах зөвлөлд санал болгох. 

    3.2.8.6. Тухайн анхан шатны байгууллагаас Намын нэрээр сонгогдсон, томилогдсон гишүүдийнхээ тайланг сонсож, дүгнэлт гаргах, шаардлагатай бол намын хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах.

    3.2.8.7. Тухайн шатны ИТХ дахь намын бүлгийн ажиллах журмын талаар санал гаргах. 

    3.2.8.8. ИТХ-ын сонгуулийн үеэр бусад улс төрийн нам, хүчинтэй эвсэх, аль нэг нэр дэвшигчийг дэмжиж ажиллах тухай саналаа дээд шатны байгууллагаар шийдүүлэх.

    3.2.8.9. Доод шатны байгууллагаас ирүүлсэн ИНХ-д нэр дэвшигчийг хэлэлцэн батлах.

    3.2.8.10. Доод шатны байгууллагаас ирүүлсэн сум, дүүргийн ИНХ-ын дарга болон сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг хэлэлцэн батлах.

    3.2.8.11. Намын хорооны тэргүүлэгчдийн хурлын тайланг хэлэлцэх. 

    3.2.8.12. Намын хорооны санхүүгийн тайланг хэлэлцэх.

    3.2.8.13. Намын гишүүдийн нэр төр, эрх ашгийг хамгаалах. 

    3.2.8.14. Намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх.

    3.2.8.15. Намын бодлого, мөрийн хөтөлбөрийг сурталчлах.

    3.2.8.16. Намын гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөх.

    3.2.8.17. Намын гишүүдийн бүртгэлийг хөтлөх.

    3.2.8.18. Намын гишүүдийн татвар хураах. 

    3.2.8.19. Намын гишүүд, намын эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах.

    3.2.8.20. Намын эрх бүхий байгууллагаас өгсөн удирдамжийг биелүүлэх.

    3.2.8.21. Сонгуулийн үед намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх. 

    3.2.8.22. Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэх.

    3.2.8.23. Намын эрх бүхий байгууллагаас гаргасан журмын дагуу намын хорооны гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргах.

    3.2.9. Намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан

    3.2.9.1. Намын дунд шатны төлөөллийн байгууллага нь намын хорооны тэргүүлэгчдийн хурал байна. Төлөөллийн байгууллага байгуулах нөхцөл бүрдээгүй тохиолдолд Намын хорооны хурал нь өөрөө төлөөллийн байгууллагын эрх үүргийг гүйцэтгэнэ. 

    3.2.9.2. Намын хорооны тэргүүлэгчдийн бүтцийг сондгой тоотой байхаар намын хорооны хурлаас батална. 

    3.2.9.3. Намын хорооны тэргүүлэгчдийг намын хорооны хурлын гишүүдээс нэр дэвшүүлэн далд санал хураалтаар сонгоно.

    3.2.9.4. Намын хорооны тэргүүлэгчид нь Намын хорооны хурлын чөлөөт цагт 3.2.8.13-3.2.8.23-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

    3.2.9.5. Намын хорооны тэргүүлэгчдийн хуралдааныг Намын хорооны дарга хуралдуулах бөгөөд хурлыг даргална. 

    3.2.9.6. Намын хорооны тэргүүлэгчдийн гуравны нэгээс дээш гишүүд шаардсан, эсвэл Намын даргаас санал гарсан тохиолдолд Намын дарга хурлыг ажлын 10 хоногт багтаан зарлан хуралдуулна. 

    3.2.9.7. Намын хорооны тэргүүлэгчдийн гуравны хоёр буюу түүнээс дээш гишүүд хуралд оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

    3.2.9.8. Намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж буй аливаа асуудлыг хуралдаанд оролцогчдын гуравны хоёр буюу түүнээс дээш гишүүдийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. 

    3.2.9.9. Намын хорооны хурлын чөлөөт цагт гарсан Намын хорооны тэргүүлэгчдийн гишүүний орон тоог нөхөн сонгоно.

    3.2.9.10. Намын хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолд хуралд оролцсон гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

    3.2.9.11. Намын хорооны тэргүүлэгчдийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

    3.2.10. Аймаг, нийслэлийн намын хорооны дарга

    3.2.10.1. Намын хорооны даргыг Бага хурлаас 4 жилийн хугацаатайгаар сонгоно. 

    3.2.10.2. Сонгогдсон намын хорооны даргыг харьяа дээд байгууллагын дарга батламжилж, удирдамжаар хангана. 

    3.2.11. Аймаг, нийслэлийн намын дарга нь намын хороо, намын хорооны тэргүүлэгчдийн хурлыг удирдана.

    3.2.12. Аймаг, нийслэлийн намын дарга нь намын хорооны тэргүүлэгчдийн дундаас нэг дэд даргыг томилж, чөлөөлж болно.

    3.2.13. Дотоод сонгуулийг дотоод журмын дагуу шударга, ардчилсан зарчимд тулгуурлан зохион байгуулж, саналыг нууцаар хураана. 

    3.2.14. Намын хорооны дарга үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзвэл харьяалах дээд шатны намын байгууллагын дарга, Намын Удирдах зөвлөл намын хорооны хурлыг ажлын 15 хоногт багтаан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй байна.

     

    3.3. НАМЫН УДИРДАХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА

    3.3.1. “Зүй Ёс” Нам ын удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал байна. 

    3.3.2. Намын их хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна.

    3.3.3. Намын ээлжит Их Хурлыг дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна. 

    3.3.4. Намын ээлжит Их Хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана. 

    3.3.5. Намын Их хурлын гишүүнийг сонгохдоо Монгол улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Аймаг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг дарга, Намын дунд шатны байгууллагын хурлын даргаар сонгогдсон эсвэл томилогдон ажиллаж байгаа гишүүд болон НАШБ-ын төлөөллийг оролцуулан нэр дэвшүүлж нууц санал хураалтаар сонгоно.

    3.3.6. Намын ээлжит болон ээлжит бус Их Хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчийн тоо, төлөөлөгчдийг сонгох журмыг Намын Бага хурал тогтооно. 

    3.3.7. Намын Их Хурлаар намын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэж болох ба дараах асуудлыг зөвхөн намын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ: 

    3.3.7.1. Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах.

    3.3.7.2. Намын даргыг сонгох, огцруулах, чөлөөлөх. 

    3.3.7.3. Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгож байгуулах, чөлөөлөх, нөхөн томиолох, түүний тайланг хэлэлцэх.

    3.3.7.4. Намын хяналтын төв байгууллага болох намын Хяналт, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг сонгож байгуулах, чөлөөлөх, нөхөн томилох, түүний тайланг хэлэлцэх.

    3.3.7.5. Намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, намын нэрийг өөрчлөх. 

    3.3.7.6. Намыг өөр улс төрийн намтай нэгтгэх. 

    3.3.8. Намын Их Хурлын хуралдаан

    3.3.8.1. Намын Их Хурлын хуралдаанд оролцох ёстой гишүүдийн ирц нь гуравны хоёроос дээш тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. 

    3.3.8.2. Намын Их Хурлыг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдаж, шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна. 

    3.3.8.3. Намын Их Хурлаар хийх аливаа сонгуулийг нууц санал хураалтаар явуулна. 

    3.3.8.4. Намын Их Хурлаас гарах шийдвэр нь нийт хуралд гишүүдийн олонхын санал авснаар хүчинтэйд тооцогдоно. 

    3.3.9. Намын ээлжит бус Их Хурлын хуралдаан

    3.3.9.1. Намын ээлжит бус Их Хурлыг Намын Бага хурлын гишүүдийн гуравны нэгээс дээш гишүүдшаардсан эсвэл Намын дарга ээлжит бус хурлыг хуралдуулах саналыг Намын Бага хурлаар хэлэлцүүлэн Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүдийн дэмжлэг авсан тохиолдолд хуралдуулна. 

    3.3.9.2. Ээлжит бус Их Хурлын хуралдаан нь Намын Их хуралтай адил дэгээр явагдана.

    3.3.9.3. Ээлжит бус Их Хурлыг ээлжит Их Хурлыг хуралдуулах зарчмын дагуу зохион байгуулна.

     

    3.4. НАМЫН БАГА ХУРАЛ

    3.4.1. “Зүй Ёс” Нам ын төлөөллийн төв байгууллага нь Намын Бага хурал байна. 

    3.4.2. Намын Бага хурлын гишүүн

    3.4.2.1. Намын Их хурал нь Намын Бага хурлыг дараагийн Их хурал хүртэл хугацаатайгаар тухайн үеийн намын гишүүний тоо Намын анхан болон дунд шатны байгууллагын тоо зэргээс хамааран намын даргыг оролцуулан 45 хүртэл сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон байгуулна.

    3.4.2.2. Намын Бага хурлын гишүүнийг сонгохдоо Монгол улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Аймаг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг дарга, Намын дунд шатны байгууллагын хурлын даргаар сонгогдсон эсвэл томилогдон ажиллаж байгаа гишүүд болон НАШБ-ын төлөөллийг оролцуулан нэр дэвшүүлж нууц санал хураалтаар сонгоно.

    3.4.3. Намын Бага хурлын хуралдаан

    3.4.3.1. Намын Бага хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна. 

    3.4.3.2. Намын Дарга ээлжит бус Намын Бага хурлыг зарлан хуралдуулах эрхтэй байна

    3.4.3.3. Намын Бага хурлын хуралдаанаар хэлэлцэж буй аливаа асуудлыг хуралдаанд оролцогчдын гуравны хоёр буюу түүнээс дээш гишүүдийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

    3.4.3.4. Намын ээлжит бус Бага хурлыг Намын Удирдах зөвлөлийн гуравны нэгээс дээш тооны гишүүд шаардсан эсвэл Намын дарга ээлжит бус хурлыг хуралдуулах саналыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн Намын Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш тооны гишүүд дэмжсэн тохиолдолд намын дарга ажлын 30 хоногт багтаан зарлан хуралдуулна.

    3.4.3.5. Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

    3.4.3.6. Намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр намын гишүүдийг Намын Бага хурлын хуралд урилгаар оролцуулж болно. 

    3.4.3.7. Хурлаас сонгогдсон хурлын дарга Намын Бага хурлын хуралдааныг удирдана. . 

    3.4.4. Намын Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал: 

    3.4.4.1. Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах.

    3.4.4.2. Намын Их хурлын чөлөөт цагт Намын Бага хурлын сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах.

    3.4.4.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгууль, Аймаг Нийслэлийн ИТХ-д Намын Удирдах зөвлөлөөс санал оруулсан нэр дэвшигчийг хэлэлцэн, нууцаар санал хураан батална.

    3.4.4.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд бусад улс төрийн нам, хүчнүүдтэй эвсэхасуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.

    3.4.4.5. Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд үндэслэн Эвслийн Засгийн Газар байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

    3.4.4.6. Монгол Улсын Их Хурлын даргад Намын даргатай зөвшилцсөний үндсэн дээр нэр дэвшүүлэх.

    3.4.4.7. Намын өдөр тутмын ажлыг эрхлэн гүйцэтгэх байгууллага болох Намын Удирдах зөвлөлийн бүтцийг баталж, Намын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, нөхөн сонгох, ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх. 

    3.4.5. Намын Бага хурлын гишүүний эрх, үүрэг 

    3.4.5.1. Намын Бага хурлын хуралд таслах эрхтэй оролцох.

    3.4.5.2. Хэлэлцэгдэж буй асуудлаар асуулга асуух, саналаа илэрхийлэх.

    3.4.5.3. Намын Их хурал, Намын Бага хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.

    3.4.5.4. Хурлыг урьдчилж мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр таслахгүй байх.

    3.4.5.5. Намын Бага хурлын хурлын дэгийг чанд сахих.

    3.4.5.6. Хяналт, Ёс зүйн хорооноос тайлбар хүссэн тохиолдолд хариуг бүрэн дүүрэн, шуурхай өгч байх.

    3.4.6. Намын Бага хурлын гишүүнийг Намын Хяналт, Ёс зүйн хорооны дүгнэлтэд үндэслэж, Намын Бага хурлын шийдвэрээр чөлөөлнө.

     

    3.5. НАМЫН УДИРДЛАГА

    3.5.1. “Зүй Ёс” Нам нь даргатай байна. 

    3.5.2. Намын Их Хурлаас Намын даргыг нэр дэвшүүлж сонгох ба намын дарга Бага хурал болон удирдах зөвлөлийн гишүүн байна. 

    3.5.3. Намын даргын бүрэн эрх. 

    3.5.3.1. “Зүй Ёс” Нам ыг дотоод, гадаадад төлөөлөх.

    3.5.3.2. Улсын Их Хурлын сонгуульд нам олонх суудлыг авсан тохиолдолд Намын Дарга Монгол улсын Ерөнхий Сайд байна.

    3.5.3.3. Намын Их Хурлыг зарлан хуралдуулах санал гаргах.

    3.5.3.4. Намын Бага хурлын хуралдааныг зарлан хуралдуулах.

    3.5.3.5. Намын дэд Дарга, намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн гишүүд дотроос томилох, чөлөөлөх.

    3.5.3.6. Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт болон өөрчлөлт оруулах саналыг Намын Их хурал, Намын Бага хуралд оруулах.

    3.5.3.7. Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт болон өөрчлөлт оруулах Бага хурлын шийдвэрт хориг тавих.

    3.5.3.8. Бүх шатны намын хуралд оролцох, хуралдуулах санал гаргах.

    3.5.3.9. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах.

    3.5.3.10. Удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Намын Даргын дэргэд зөвлөх ажиллуулах, судалгаа шинжилгээний болон нийгэм эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөл байгуулах.

    3.5.3.11. Намын дарга Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, тодорхой чиглэл хариуцсан намын дэд даргыг томилж, чөлөөлж болно. 

    3.5.3.12. Намын дэд даргын тоо таваас доош байна.

    3.5.3.13. Дэд даргыг Намын Дарга чөлөөлөх тухай шийдвэр гаргавал Удирдах зөвлөлд мэдэгдэнэ.

    3.5.4. Намын даргын үүрэг. 

    3.5.4.1. Намын эв нэгдэл, эрхэмлэх зүйл, үнэт зүйлийг нандигнан дээдлэх.

    3.5.4.2. Төрийн сонгуульд намаа чадварлагаар удирдан чиглүүлж, амжилт гаргах.

    3.5.4.3. Хувийн ёс зүй, ухамсрыг өндөрт хадгалж, намын албан ёсны байр суурийг гажуудуулахгүй байх, үг хэл, үйлдлээрээ нам болон намын гишүүдийн нэр хүндийг сэвтээхгүй байх. 

    3.5.5. Намын дэд даргын эрх, үүрэг 

    3.5.5.1. Намыг дотоод, гадаадад төлөөлөх.

    3.5.5.2. Намын даргын өгсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлнэ.

    3.5.5.3. Намын эв нэгдлийн эрхэмлэнэ.

    3.5.5.4. Намын гишүүд, намын байгууллагууд хоорондын уялдаа холбоог бэхжүүлнэ. 

     

    3.6. НАМЫН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА

    3.6.1. Намын гүйцэтгэх төв байгууллага нь Намын Удирдах зөвлөл байна. 

    3.6.2. Удирдах зөвлөлийг Намын Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана. 

    3.6.3. Удирдах зөвлөл нь Намын Бага хуралд үйл ажиллагаагаа тайлагнана. 

    3.6.4. Удирдах зөвлөлийн гишүүн

    3.6.4.1. Намын Удирдах зөвлөлийн бүтцийг Намын Бага хурлаас батална.

    3.6.4.2. Намын Удирдах зөвлөл нь 15 хүртэлх сондгой тооны гишүүнтэй байна. 

    3.6.4.3. Намын Удирдах зөвлөлийг Бага хурлын гишүүдээс сонгоно. 

    3.6.4.4. Удирдах зөвлөлийн гишүүд нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд хэдэн ч удаа улиран сонгогдож болно.

    3.6.4.5. Намын Удирдах зөвлөлийн гишүүнийг Намын Хяналт, Ёс зүйн хорооны дүгнэлтэд үндэслэж, Намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр түдгэлзүүлж, чөлөөлж, орны хүнийг сонгон ажиллуулж болно. 

    3.6.5. Удирдах зөвлөлийн хуралдаан

    3.6.5.1. Удирдах зөвлөлийн хуралдааныг Намын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулах бөгөөд хурлыг даргална. 

    3.6.5.2. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс дээш гишүүд шаардсан, эсвэл Намын Даргаас санал гаргасан тохиолдолд Намын Ерөнхий нарийн бичгийн дарга хурлыг ажлын 15 хоногт багтаан зарлан хуралдуулах үүрэгтэй. 

    3.6.5.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр буюу түүнээс дээш гишүүд оролцсон тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлыг хүчинтэйд тооцно.

    3.6.5.4. Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж буй аливаа асуудлыг хуралдаанд оролцогчдын гуравны хоёр буюу түүнээс дээш гишүүдийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. 

    3.6.5.5. Удирдах зөвлөлийн тогтоолд хуралд оролцсон гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

    3.6.5.6. Удирдах зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

    3.6.6. Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал. 

    3.6.6.1. Намын үйл ажиллагаатай холбоотой дотоод журмуудыг боловсруулж, батлах.

    3.6.6.2. Бодлогын асуудлуудыг хэлэлцэж батлах.

    3.6.6.3. УИХ-д оруулах хууль, тогтоомж, саналыг хэлэлцэж батлах.

    3.6.6.4. Сонгуулийн Ерөнхий Хороог байгуулж ажиллуулах.

    3.6.6.5. Намаас Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, Намын Бага хуралд санал оруулах. 

    3.6.6.6. Намаас Улс, орон нутгийн улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх.

    3.6.6.7. Бүх шатны намын байгууллага байгуулах, тэдгээрийн удирдах бүрэлдэхүүнийг сонгох журмыг тогтоох.

    3.6.6.8. Намын бүх шатны байгууллагуудыг удирдлагаар хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх.

    3.6.6.9. Хяналт, Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн, аймаг, нийслэлийн намын хорооны даргыг огцруулах шийдвэр гарган аймаг, нийслэлийн намын хороонд хүргүүлэх. 

    3.6.6.10. Намын Их хурал, Намын Бага хурлын шийдвэр, Намын даргын үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах.

    3.6.6.11. Намын гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрхлэн явуулах, өргөжүүлэх.

    3.6.6.12. Намын санхүү, төсөв, төлөвлөгөөний асуудлыг хэлэлцэж батлах.

    3.6.6.13. Намын санхүү, аж ахуйг эрхлэх, хяналт тавих, жилийн төсөв батлах.

    3.6.6.14. Намын Бага хурлаас шилжүүлсэн буюу даалгасан бусад эрх, үүрэг.

    3.6.6.15. Намын шагнал, урамшуулал бий болгох, олгох.

     

    3.7. НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

    3.7.1. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Намын Удирдах зөвлөлийн гишүүдээс Намын дарга томилж, чөлөөлнө. 

    3.7.2. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүрэгтэй байна: 

    3.7.3. Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хянах. 

    3.7.4. Удирдах зөвлөл нь Удирдах зөвлөлийн ажлын албатай байна. 

    3.7.5. Удирдах зөвлөлийн ажлын албыг удирдан зохион байгуулна.

    3.7.6. Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, бүрдүүлэх журам, төсвийг Намын Удирдах зөвлөл батална. 

    3.7.7. Намын төсөв, санхүүг захиран зарцуулах, хүний нөөц, аж ахуйг эрхлэн хөтлөх. 

    3.7.8. Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах.

    3.7.9. Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх. 

    3.7.10. Намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт бүхий өргөдөл, гомдолд хариу өгөх.

     

    3.8. НАМЫН ХЯНАЛТ, ЁС ЗҮЙН ХОРОО

    3.8.1. Нам нь дотоод хяналт, ёс зүйн хэм хэмжээний дүрэм журмын хэрэгжилтийг хангах, намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зорилго бүхий Хяналт, Ёс зүйн хороотой байна. 

    3.8.2. Хяналт, Ёс зүйн хороо нь хараат бусаар бие дааж, ил тодоор үйл ажиллагаа явуулах ба шийдвэр гаргахдаа шударга зарчмыг баримтална. 

    3.8.3. Хяналт, Ёс зүйн хороог Намын Дарга нэр дэвшүүлэн намын Их Хурлаас 7 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 4 жилийн хугацаатай сонгон байгуулна. 

    3.8.4. Хяналт, Ёс зүйн хорооны гишүүн нь 30-аас дээш насны, гэмт хэрэг ёс зүйн зөрчил үйлдэж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, намын дүрэм журмаа сайтар мэддэг, мэдлэг боловсролтой, бусдын хүндэтгэлийг хүлээсэн намын гишүүн байна. 

    3.8.5. Хяналт, Ёс зүйн хорооны гишүүд Намын Даргатай зөвшилцсөний үндсэн дээр хорооны даргыг сонгож, чөлөөлнө.

    3.8.6. Хяналт, Ёс зүйн хорооны дарга, гишүүд бүх шатны намын байгууллагын хуралд саналын эрхгүй оролцох эрхтэй байна. 

    3.8.7. Намын Их Хурлын чөлөөт цагт Хяналт, Ёс зүйн хороонд орон гарвал Намын Даргатай зөвшилцсөний үндсэн Намын Бага хурлаас нөхөн сонгоно. 

    3.8.8. Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг намын Хяналт, Ёс зүйн хороо хянаж, эцэслэн шийдвэрлэнэ. 

    3.8.9. Хяналт, Ёс зүйн хорооны эрх үүрэг 

    3.8.9.1. Намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих.

    3.8.9.2. Намын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих. 

    3.8.9.3. Намын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих.

    3.8.9.4. Намын гишүүдээс гаргасан санал гомдлыг хянан шийдвэрлэх. 

    3.8.9.5. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх.

    3.8.9.6. Сонгууль болон улс төрийн албанд нэр дэвших гишүүдийн талаар дүгнэлт гаргах.

    3.8.9.7. Намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүд болон намаас томилогдсон улс төрийн албан тушаалтны ёс зүйн байдалд хяналт тавих.

    3.8.9.8. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх.

    3.8.9.9. Доод шатны Хяналт, Ёс зүйн хороог удирдлагаар хангах.

    3.8.10. Хяналт, Ёс зүйн хорооны хуралдаан 

    3.8.10.1. Хяналт, Ёс зүйн хорооны хуралдааныг хорооны дарга зарлан хуралдуулна. 

    3.8.10.2. Хорооны гишүүдийн гуравны хоёр ба түүнээс дээш тооны гишүүд оролцсон бол хуралдаан хүчинтэй байна. 

    3.8.10.3. Хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр ба түүнээс дээш тооны гишүүд дэмжсэн бол шийдвэрийг хүчинтэйд тооцож, тогтоол гаргана. 

    3.8.10.4. Хорооны хуралдааны тогтоолд хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна. 

  • ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. НАМЫН ШИЙДВЭР ГАРГАХ ЗАРЧИМ

    4.1. ШИЙДВЭР ГАРГАХ ЕРӨНХИЙ ЗАРЧИМ 

    4.1.1. Намын бүх шатны хурлыг дараах тохиолдолд зарлан хуралдуулна. 

    4.1.1.1. Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол тухайн хуралд оролцох саналын эрхтэй гишүүдийн гуравны нэг буюу түүнээс дээш тооны гишүүд шаардсан тохиолдолд тухайн хурлыг хуралдуулна. 

    4.1.2. Намын бүх шатны байгууллага, гишүүд аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ аль болох шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа, шинжилгээний үр дүнд суурилж, тодорхой цаг заан, гуравны хоёроос дээш саналаар шийдвэр гаргана. 

    4.1.3. Хурлын журамд өөрөөр заагаагүй бол саналын эрх бүхий гишүүн зөвхөн “дэмжинэ” эсвэл “дэмжихгүй” гэсэн санал өгнө.

     

    4.2. ХУРЛЫН ШИЙДВЭР

    4.2.1. Намын анхан шатны байгууллагын бүх гишүүдийн хурал, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Намын хорооны хурал, Намын Их Хурал, Намын Бага хурал /НБХ/, Намын Удирдах зөвлөл /УЗ/, Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/, Хяналт, Ёс Зүйн Хороо /ХЁЗХ/ нь намын дүрэм, бусад журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа дараах заалтуудыг заавал дагаж мөрдөнө. 

    4.2.2. Намын бүх шатны байгууллага аливаа шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргана. 

    4.2.3. Намын албан шийдвэрт дараах албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсанбайна; 

    4.2.3.1. Намын бүх шатны байгууллагын хурлын хувьд хуралдааны дарга, тэргүүлэгчид, 

    4.2.3.2. СЕХ, ХЁЗХ-ны хувьд хуралдаанд оролцсон гишүүд. 

    4.2.4. Намын аливаа шийдвэрт тухайн шатанд баталгаажуулах эрх, үүрэг бүхий албан тушаалтан өөрөө ямар байр суурьтай байснаас үл хамааран тогтоолд гарын үсэг заавал зурна.

     

    4.3. ХУРЛЫН ИРЦ 

    4.3.1. Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ. Үүнд: 

    4.3.2. Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд намын дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол гишүүдийн гуравны хоёр (2/3) оролцсоноор ирц бүрдэх ба, оролцсон гишүүдийн гуравны хоёр (2/3) саналаар шийдвэр гаргана. 

    4.3.3. Хөндлөнгөөс хянах бололцоог хангах үүднээс ишлэл болгосон холбогдох хууль, дүрэм болон журмын зүйл заалтын дугаарыг аливаа шийдвэрийн үндэслэл хэсэгт заавал дурдсан байна. 

    4.3.4. Намыг татан буулгах, улс төрийн бусаднам хүчинтэй нэгтгэх болон эвсэх тухай асуудлыг Намын Бага хурлаар хэлэлцүүлэх эсэхийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 3/4-аас дээш саналаар шийдвэрлэж, Намын Бага Их Хурлаар хэлэлцүүлнэ. 

    4.3.5. Намын бүх шатны байгууллагын даргын сонгуульд нэр дэвшигч нь тухайн хуралдааныг өөрөө даргалах эрхгүй байна. 

  • ТАВДУГААР БҮЛЭГ. НАМААС СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ

    5.1. НАМААС НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА 

    5.1.1. Намын үзэл баримтлал, үнэт зүйлийг эрхэмлэн, хэрэгжүүлэх чадвартай байх.

    5.1.2. Сонгогчдын эрх ашиг, хүсэл эрмэлзлийг төлөөлөх чадвартай байх.

    5.2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

    5.3. Нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, сонгуулийн хороонд бүртгүүлэх ажлыг Удирдах зөвлөл удирдан зохион байгуулна. 

    5.4. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ Аймаг, нийслэлийн намын хорооны хурлаар хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэж Намын Удирдах зөвлөлөөр батламжлуулан сонгуулийн холбогдох байгууллагад хүргүүлнэ. 

    5.5. Сум, дүүргийн ИНХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ сум, дүүрэг, хорооны намын хороо, үүрийн хурлаар хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэж намын дээд шатны байгууллагаар батламжлуулан сонгуулийн холбогдох байгууллагад хүргүүлнэ. 

     

    5.6. СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ТҮҮНИЙГ БАЙГУУЛАХ

    5.6.1. Нам нь нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх ажлыг Намын Дарга, Намын Бага хурал, Удирдах зөвлөлтэй зөвшилцөн зохион байгуулах үүрэг бүхий Сонгуулийн Ерөнхий Хороотой байна. 

    5.6.2. СЕХ-г Удирдах зөвлөл байгуулна. Чингэхдээ гишүүдийн тоо, бүрэлдэхүүн, эрх үүрэг болон хугацаа, сонгон шалгаруулах журмыг тодорхой заан, ил тодоор сонгон шалгаруулах журмаар бүрдүүлнэ. 

    5.6.3. Нэр дэвшигчтэй холбоотой санал хураалтыг нууцаар зохион байгуулна. 

    5.6.4. Сонгуулийн Ерөнхий Хороо нь намын Үндсэн дүрэм, Удирдах зөвлөлөөс гаргасан намаас бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх журмын дагуу нэр дэвшигчдийг тодруулах ажлыг зохион байгуулна. 

    5.6.5. Намын Дарга, Удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга намын нэрээр нэр дэвшигчдийн саналыг эцэслэн нэгтгэж холбогдох шатны намын байгууллагуудад мэдэгдэнэ. 

    5.6.6. Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн урьдчилсан дүн гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор сонгуулийн үр дүн, намын гаргасан амжилт алдааг дүгнэж Намын Удирдах зөвлөлд тайлагнана. 

     

    5.7. ХҮЙСИЙН ТЭГШ ХУВААРИЛАЛТ

    5.7.1. Тус намаас сонгуульд нэр дэвшигчдийн дотор цөөнх болсон хүйсийн төлөөлөл нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь байна.

     

    5.8. СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ

    5.8.1. СЕХ-ийн сонгуулийн үр дүнгийн талаарх тайлан дээр үндэслэн Удирдах зөвлөл сонгуулийн дүнгээр намын бүх шатны байгууллагын дарга, дэд дарга, тэргүүлэгч нарт хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг авч хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ. 

    5.8.2. Хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан бол дараачийн дарга, дэд дарга, тэргүүлэгч сонгогдож албан үүргээ хүлээж автал өмнөх дарга, дэд дарга, тэргүүлэгчид дүрмээр хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлнэ.

  • ЗУРГАДУГААР БҮЛЭГ. НАМЫН ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ

    6.1. НАМЫН ӨМЧ, ХӨРӨНГӨ, АРХИВ

    6.1.1. Намын бүх шатны байгууллагын өмчлөлд байгаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө нь намын өмч мөн.

    6.1.2. ““ЗҮЙ ЁС” НАМ гэсэн Намын нэр, бэлгэдэл, тамга тэмдэг, албан хуудас, намын архив, намын мэдээллийн нэгдсэн сан нь намын халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.

    6.1.3. Намын хөрөнгийн нэгдсэн орлого, зарлага, зарцуулалтын талаар жил бүр тайлан гаргаж аудит хийлгэн баталгаажуулж, хадгална.

     

    6.2. НАМЫН САНХҮҮЖИЛТ, ОРЛОГО

    6.2.1. Нам нь гишүүний татвар, хандив гэх мэт санхүүжилт авсныхаа хариуд ямарваа нэгэн амлалт өгөх, үүрэг хүлээхийг хориглоно.

    6.2.2. Нам нь гишүүний татвар, хандиваар цуглуулсан аливаа санхүүжилтээ намын нэгдсэн дансанд байршуулна.

    6.2.3. Намын хөрөнгө, санхүүжилт орлого нь дараах зүйлсээс бүрдэнэ;

    6.2.3.1. Гишүүний татвар.

    6.2.3.2. Гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив.

    6.2.3.3. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг.

    6.2.3.4. Намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа эд юмс.

    6.2.3.5. Намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны орлого.

    6.2.3.6. Намын өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого.

    6.2.3.7. Намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү. 

    6.2.4. Гишүүний татварын хэмжээ, төлөх хугацаа, НАШБ болон нэгдсэн дансанд хуваарилахдаа Намын Удирдах зөвлөлөөс гаргасан журмыг баримтална. 

    6.2.5. Нам нь гишүүд дэмжигчдээс авах хандиваа дансаар дамжуулан хүлээн авна. 

     

    6.3. НАМЫН ОРЛОГЫН ЗАРЦУУЛАЛТ

    6.3.1. Нам нь намын өмч хөрөнгийг зөвхөн өөрийн мөрийн хөтөлбөр, дүрэмд тусгасан үйл ажиллагааг явуулахад зарцуулна. 

    6.3.2. Намын орлогыг энэ дүрэмд зааснаас өөр зүйлд зарцуулах, ногдол ашиг болгон хуваарилахгүй.

     

    6.4. САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ

    6.4.1. Намын хөрөнгийн нэгдсэн орлого, зарлага, зарцуулалтын талаар жил бүр тайлан гаргаж аудит хийлгэн баталгаажуулна.

    6.4.2. Намын бүх шатны байгууллага нь хуулиар тогтоосон хугацаанд санхүүгийн тайлангаа гаргаж Удирдах зөвлөл болон Хяналт, Ёс Зүйн Хороонд хүргүүлнэ. 

    6.4.3. Намын төв байгууллага нь бүх шатны байгууллагын тайлан гарсны дараа нэгдсэн тайлан гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулна. 

    6.4.4. Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг намын гишүүд болон нийтэд ил тод, нээлттэй байлгана. 

    6.4.5. Намын хандивын мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байлгана. 

    6.4.6. Хяналт, ёс зүйн хороо нь санхүү, хөрөнгөтэй холбогдолтой үйл ажиллагаанд хяналт тавина. 

    6.4.7. Намын дарга намын төсөв санхүүгийн зарцуулалтын үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэй оролцохгүй. 

  • ДОЛДУГААР БҮЛЭГ. УИХ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ

    7.1. НАМЫН БҮЛЭГ БАЙГУУЛАХ 

    7.1.1. Намаас УИХ-д сонгогдсон гишүүд холбогдох хуулийн хүрээнд УИХ дахь намын бүлгийг байгуулж ажиллана. 

    7.1.2. Бүлгийн дарга бүлэг дотроосоо сонгогдоно. 

    7.1.3. Бүлэг асуудлыг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. 

    7.1.4. Бүлэг нь намын дүрэм, алсын хараа, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ. 

    7.1.5. Намын удирдах байгууллагаас өгсөн чиг үүргийг биелүүлэхийг эрмэлзэнэ.

     

    7.2. НАМЫН БҮЛГИЙН ЭРХ ҮҮРЭГ

    7.2.1. УИХ-аас гарах хууль, хулийн өөрчлөлт шинэчлэлт, шийдвэрт намын бодлогыг тусгаж, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын байр суурийг илэрхийлнэ. 

    7.2.2. Намын бодлого боловсруулах үйл ажиллагаанд намын УИХ дахь бүлэг идэвхтэй оролцоно. 

    7.2.3. Үйл ажиллагааныхаа тайланг Намын Бага хурал, Намын Удирдах зөвлөлд мэдэгдэнэ.

  • НАЙМДУГААР БҮЛЭГ. НАМ БА БУСАД БАЙГУУЛЛАГА

    8.1. НАМЫН ДЭРГЭДЭХ БОЛОН ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

    8.1.1. Нам нь алсын хараа, бодлого, мөрийн хөтөлбөр болон намын дүрмийг олонд сурталчлах, гишүүд дэмжигчдийн хүрээг тэлэх, үнэн зөв мэдээллийг түгээх, ард иргэдэд хүрч ажиллах үүднээс дэргэдээ залуучуудын, мэргэжлийн, судалгаа шинжилгээний болон суртал ухуулгын байгууллагыг Намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулан ажиллуулж болно. 

    8.1.2. Намын дэргэдэх байгууллага нь тус тусын дүрэм, Монгол улсын хуулийн дагуу ил тод байдлаар үйл ажиллагаа явуулна. 

    8.1.3. Намын дэргэдэх байгууллага нь намын эсрэг үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосон намын Хяналт, Ёс Зүйн Хорооны дүгнэлт гарсан тохиолдолд Намын Удирдах зөвлөлийн тогтоолоор дарга, тэргүүлэгчдийг нь огцруулах буюу тухайн байгууллагыг татан буулгана. 

    8.1.4. Намын дэргэдэх байгууллага нь үйл ажиллагаанаас үүсэх аливаа хариуцлагыг зөвхөн өөрөө үүрч, намыг аливаа эрсдэлээс ангид байлгана. 

    8.1.5. Нам нь намын дэргэдэх байгууллагуудаас гадна бусад төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудтай нээлттэй, идэвхтэй хамтарч ажиллах ба аливаа арга хэмжээг хамтран зохион байгуулж болно. 

    8.1.6. Нам аливаа хамтын ажиллагаандаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ. 

    8.1.7. Нам бусад байгууллагатай хамтарч ажиллахдаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чандлан сахина. 

  • ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. НАМЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

    9.1.1. Нам өөр намтай нэгдэх, нийлэх, өөрчлөн байгуулагдаж болох ба энэ асуудлыг Их хурлаар шийднэ.

    9.1.2. Нам зорилгоо биелүүлсэн гэж үзвэл татан буугдах ба татан буугдах үйл ажиллагааг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэнэ.

    9.1.3. Нам үйл ажиллагаагаа намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 10 өдөрт багтаан Улсын Дээд Шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ.